1990 оны хавар ардчилал Монголд ид бужигнаж байсан цаг үед би Москвагийн их сургуулийн аспирантурт сурч байлаа. Тэр үед Москвагийн ойролцоо Подольск тосгон дахь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд Даваахүү, Бат-Эрдэнэ гэж үе тэнгийн хоёр залуус бас сурдаг, амралтын өдрүүдэд бид хэд манайд голдуу цуглаж “улс төрждөг” байв.
Ярианы маань гол сэдвийн нэг мэдээж Цэдэнбал дарга.Ардчиллыг Даваахүү бид хэд бүхий л талаар талархан хүлээж авсан боловч Монголд болж байгаа ганцхан юман дээр санал огт нийлдэггүй байсан нь Бал даргад элдэв нэр хаяг зүүн гоочилж эхэлсэн зүйл. Сайндаа ч биш, биеэр маань “Увсын цус” гүйж байсандаа л тэр байх. Бал даргаас одон медаль, цол, зэрэг бүгдийг хураан авч намаас нь хүртэл хөөж байсан тэр хавар одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм.
Гэхдээ үүнийг муу нэртэй, луу данстай нөгөө ардчиллын хэдэн банди нар дээр Ху намын хулгарууд өөрсдөө санаачлан хийж орхисон нь бүр гайхшрал төрүүлдэг. Нас өндөр болж өвчинд нэрвэгдсэн хөөрхий тэр өвгөн үүнийг сонсоод “Миний нам намайг хөөх ёсгүй. Миний нам биш байна” гэж аяархан хэлсэн гэдэг. Тэр үед ихээхэн сүр дуулиантай хурааж авч байсан биднийг Подольск явах бүр замд харагдах түүний хувийн орон сууц гэдэг нь одоо манай баячуудын бариулаад байгаа харшуудын дэргэд нэг муу хөгийн амбаар л байсан байхгүй юу.
МГУ-гийн оюутны байрны долоон давхрын умгар өрөөнд оюутан байх үеэс энэ сургуульд хамт сурч бие биенийгээ сайн мэдэх болсон Бал даргын дүү Аюуш гуайн охин Буянтөгс гэж бүсгүй тэр үед бас сурч амьдарч байлаа. Буянаа Бал даргынд хар багаасаа өссөн, мөн тэднийхээр үргэлж очиж хоёр хөгшнийг асарч тусалдаг байсан учир би түүнтэй тааралдах болгондоо өвгөний биеийг асуухаас цаашгүй.Миний аав Бал даргатай нас чацуу өвгөн Увсын Баруунтуруунд амьдардаг, намайг зун амралтаараа очих бүрт аав надаас Бал даргыг асууна, “Чи чинь Москвад нэг дор байж ганц удаа гэрээр нь ороод биеийг нь асуугаад гарахад болохгүй нь юу байх билээ гээд л үглэнэ. Аав маань түүнийг тусгай хамгаалалтанд байдаг, хэн ч уулзах боломжгүй гэдгийг яаж ч ухаарах билээ.
Яг л хамар хашааны Бадрай гуайнд ороод гарахтай адил юм бодно. 90 оны тэр намар Буянаатай уулзаад ярьж байсан чинь тэрээр: Чи юу гэж бодно, цаадах өвгөн чинь нутгаа санаад эгээ л галзуурах гэж байх шиг байна. Гэртээ уншиж байсан сонингийнхоо булан захаар нь хуучин монголоор “Чи гэртээ харь, Чи гэртээ харь” гээд дүүрэн эрээччихсэн уйлаад сууж байсан гэхийг сонсуут самсай шархирч, тэр оройгоо муу улаан “Ладагаа” асааж аваад Москвагаас 45км зайтай Подольск дахь Даваахүүгийндээ давхиж хүрлээ.“Цаад өвгөнийг чинь ерөөсөө нутгийг нь бараадуулбал яасан юм. Би Москвагаас Кызыль рүү онгоцоор авч явахыг нь хариуцъя, чи цааш нь Самгалтай хавиар аргалаад хил давуулчихсан цагт цаашдаа юу л болбол болог” гэх ухааны юм ярьсан чинь нөгөөх чинь хөөрцөглөж байгаа гэж жигтэйхэн. Тэсийн “юм” болохоороо тэдний хамаатан саднаас ганц хүн бүү хэл азарга адуу, сүрэг үхэр давуулчих хамууд захаас аван олдоно гэлээ.
Хамт сурч байсан Бат-Эрдэнэ маань бид хоёрын яриаг сонсчихоод “Наадах чинь бүтэхгүй та хоёр арьсаа хуулуулна” гэж байсан боловч сүүлдээ уярч бид хоёртой хүч хавсрах юм болж байна аа. Мэдээж бидэнд тэр үед ямар нэг улс төрийн ашиг хонжоо, нэр алдар олох гэсэн атгаг санаа байсангүй, гагцхүү насаараа бидний төлөө зүтгээд эцэст нь өрөвдөлтэй байдалд орчихсон аавтайгаа адил өвгөнийг нутагт нь аваачиж ясыг нь тавиулах боломж олгох зорилго агуулсан царай нь тэр.Би Москвад Аэрофлотын кассны нэгэн эмэгтэйг сайн таньдгийн хувьд орон нутгийн рейсээр Зөвлөлтийн аль ч хот руу нисэхэд түвэггүй байсан юм. Тэр үед Зөвлөлтийн өөрийнх нь иргэдэд дотоодын нислэг маш хямдхан байсан учир би хэн нэг буриад ч юм уу халимаг найзынхаа паспортоор тийз бичүүлж аваад Москвагаас Улаан-Үдээр дамжин жилдээ хоёр удаа харьдаг, нутаг нэгт найз нартаа ч шаардлага гарсан үед нь ингэж тусалдаг байлаа.
Тэр үед нисэх буудлуудын хяналт шалгалт одоогийнхтой адилгүй задгай үе байсан юм.Ганц удаа боловч аавынхаа захиасаар Бал даргын гэрт нь очиж уулзах боломж гаргаж өгөхийг нэг удаа гуйхад Буянаа эелдгээр татгалзаж: Тэр бүтэхгүй ээ, Элчингээс зөвшөөрөл авч байж уулздаг дэглэмтэй, харин чи Лениний уулан дээр боломжтой өдрөө яг хоёр цагт байж байвал нэг орос сувилагч эсвэл би салхинд гаргахаар аваад ирье, тэгээд л уулзахгүй юу гэж ярьснаас л түүнийг оргуулах төлөвлөгөөг бас хэрэгжүүлж болохоор санагдаад явчихсан хэрэг. Дараахан нь дурьдсан өдрүүдэд Лениний уулан дээр товлосон цагаас өмнө би хэд хэдэн удаа очиж ажиглалт хийхэд нүдэндээ хар шил зүүсэн, хоёр зэвүүн эр аль хэдий нь урьд нь ирээд “байраа эзэлчихсэн” хөлхөж харагддаг нь нүдэнд шууд тусаж, өвгөнтэй уулзах учрах, оргуулах талаар мөрөөдөхийн ч хэрэггүй гэдгийг ойлголоо.
Хожим нь Леонид Шинкарёв гуайн Бал даргын амьдралын тухай бичсэн дурдатгалын номноос тэрээр амьдралын сүүлчийн өдрүүдээ хүртэл ямар хатуу мөрдлөг хамгаалалтан доор байсныг уншаад юун бид нарын тэр үед бодож ярьж байсан зүйлээ санахаас хөх инээд хүрэх шиг болдог юм. Гэхдээ л хэрвээ бид үзээд алдсан бол яах байсан болоо гэж бодохоор бас сонин. Аав маань тэр үед амьд сэрүүн байсан болохоор юу ч болсон намайг зэмлэхгүй харин “оргуулалт” бүтсэн бол лав магнайгаа хагартал баярлах байсан байх даа.
Өдрийн сонин № 031 2005-02-02