Сэтгүүлч, эдийн засагч Б.Бадамдоржийн илгээсэн захидлыг хүргэж байна. Тэрээр БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал, хөдөлмөрийн баатар, Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэлийг зохиомлоор муучилж, түүхэн үнэнийг мушгин гуйвуулж байгаа явдлыг эсэргүүцээд өөрийн мэдэх зарим нэг баримтаа дэлгэжээ.
Үхсэн хүн үг хэлдэггүй
1990-ээд оны эхэн үед зохиолч Д.Дожоодорж эх орноосоо харьд цөлөгдөж, дөч тавин жил зүтгэсэн албанаасаа хөөгдөж, сэтгэл санааны дарамтанд орсон, хүнд өвчтэй байсан Ю.Цэдэнбал даргатай Москва хотод биеэр уулзаж, түүнийг “Монголын дайсан” байсныг “нээж” дэлгэрч байгаа шинэ цагийн баатар болон хувирсан билээ.
Тэр үед “Түүхэн үнэнийг тодруулсан нь” гэдэг нийтэд уншдаг лекцдээ Юмжаа овогтой Цэдэнбалыг бутчийн хүү болгож түүний ээж Заяа гэдэг хүнийг ханилсан нөхрийн нэрээр Юмжаа болгон тэр өөрийнхөө зохиосон Юмжаа авгайг дөрвөд хүн биш урианхай болгож “түүхэн үнэнийг” тодруулж явсан нэгэн. Тэрээр “Бутчийн хүүгээр төр битгий бариул”, “Бухыг тэргэнд битгий зүтгүүл” гэсэн сургааль үгийг ашиглан гүтгэлэг хийж шинэ цагийн баатар болж явсан.
Түүхт хүнийг зохиомлоор муучилж, буруутган орчин цагт хожоо, хонжоо олох гэсэн энэ мэт хүмүүс цөөнгүй болжээ. Түүхт хүнийг гүжирдэн буруутгаж ингэснээрээ Монгол Улсын түүх, ард түмний олсон ололт амжилт, сайн сайхан бүхнийг нь харуулж, хойч үеийнхнийхээ оюун санааг дахин бүү хордуулж, төөрөгдүүлээсэй гэсэндээ Д.Дожоодоржийн “үнэн”- ийг өөрийн мэдэх зарим нэг баримтаар нотлон үгүйсгэж байна.
Монголын ард түмний зүрх сэтгэлд гэрэлтсэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 90 жилийн ойг нэр хүндтэй тэмдэглэн өнгөрүүлсэн төр засгийн арга хэмжээнд баярлах сэтгэл төрж байна. БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал хөдөлмөрийн баатар, дэлхий дахины энхтайвны төлөө Жюле Кюрогийн алтан медаль гээд Монголын төрийн жолоодогч олон хүндтэй шагналын эзэн билээ. Ард түмнээ бичиг үсэгтэй, эрүүл саруул болгосны төлөө НҮБ-ын ЮНЕСКО-гийн шагналд Монгол Улсын төр засгийн тэргүүн туурга тусгаар улсаа дэлхий дахинаа батлан харуулж БНМАУ-ын дархан хилийг баталгаажуулах дэлхийн хамгийн том байгууллага болох НҮБ-д зохих байр суурийг эзлүүлсэн энэ хүний гавъяа бодит зүтгэлийг Ю.Цэдэнбал өөрөө өөртөө тушаал зарлиг гаргаад шагнал авчихсан юм шиг ярьж, бичдэг хүмүүс цөөхөн ч гэсэн хортой билээ.
Ю.Цэдэнбалын төрсөн газар, эцгийнх нь өвөлжөө монголд бий
Одоо цагт бол хар нялхаараа гэж үздэг 24 настайд нь Монгол төрийн билэг оюунт их хүмүүсийн хараанд өртөж нам төрийн өндөр сэнтийд суусан тэр цагаас нь эхлэн атаа жөтөө, өөлөх гоочлох бохир сэтгэлтнүүд түүнийг дагахгүй байж чадсангүй. Бараг л түүнийг Оросоос тавьсан тагнуул мэтээр хуудуутай үгээр гоочилж байсан үе бий.
Ард түмний сэтгэлд мөнхөрсөн эгэл даруухан энэ хүнийг гүжир гүтгэлгийн бай болгосон баримтуудаас цөөн хэдхэнийг тодруулъя. Тагна тувагийн ард түмэн монголчуудын адилаар Манж Чин улсын колончлолд байхдаа Дөрвөд Далай хааны захиргаанд ёс төдий багтаж яваад 1924 онд цагийн аятай нөхцлийг ашиглан тусгаар тогтнолоо зарласан.Тэр цагт Монгол Улсын Засгийн газар Тува улсыг хүлээн зөвшөөрч Монгол-Тувагийн хилийн хэлэлцээр 1932 онд байгуулж байхдаа нөгөө талын хүсэлтээр Давст уулыг Тувагийн нутагт багтаасан тухай манай Засгийн газрын тогтоол байдаг. /Хилийн архив/ Энэ нь эцэстээ ЗХУ-БНМАУ-ын хооронд 1936 онд байгуулсан “Харилцан туслах, хамтран ажиллах” тухай протокол гэрээгээр баталгаажжээ.
Гэтэл тэр үед 16 нас ч хүрээгүй Цэдэнбал Иркутск хотод суралцаж байв. Гэтэл гүтгэгчид Давст уулыг Ю.Цэдэнбал хадмууддаа /Орос эхнэрээр нь дайруулж хэлж байна/ бэлэглэсэн мэтээр ярьдаг юм. Бал даргын төрсөн газар эцгийнх нь өвөлжөө Оросын хилд орчихсон гэж ярьдаг нь учир утгагүй үндэслэлгүй үг юм. Ю.Цэдэнбалын төрсөн газар эцгийнх нь өвөлжөө Монголын нутаг дэвсгэрт буюу Монгол-Оросын хилийн шугамнаас нааш 10 гаруй км-ийн гүнд Туг мэнд /халх аялгуугаар бол/ “Бүгд мэнд” гэдэг газар буй.
Үндэсний соёл урлаг хот, хөдөөд хөгжөөгүй гэж үү?
Бал даргыг Монголын шашныг устгасан мэтээр ярьдаг. 1930-аад оны дунд, сүүл үеийн нугалаатнууд Монгол дахь шарын шашныг устгаж сүм хийдийг нураасан харгис үйл ажиллагаа явуулсныг Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын санаачлага зүтгэлээр 1950-иад оноос эхлэн Гандан-Тэгчинлэн хийдийг сэргээж шашны зан үйлийг тэнд чөлөөтэй явуулан сүсэгтэн олны хүслийг дагасан буянт үйлсийг бүтээсэн хүн юм. Ю.Цэдэнбалыг Монголын үндэсний түүх соёлыг үл ойшоож Чингэс хааны түүхэнд оруулсан ач холбогдлыг үгүйсгэгч мэтээр зэмлэдэг.
Гэтэл үнэн хэрэгтээ Ю.Цэдэнбалын санаачлагаар үндэсний соёл урлаг хот хөдөөгүй хөгжиж, археологи, шинжлэх ухаан, хайгуул шинжилгээний ажил орон нутгийг судлан музейнүүд нээгдэж ардын язгуур урлагийг дэмжин ардын авъяастан уран сайхны хөгжил шинэ шатанд гарч байсан бол одоо харин зогсонги талдаа орсон юм биш үү.
Монголын түүх тэр тусмаа Чингэс хааны түүхэнд байгуулсан агуу их гавъяат үйлсийг гуйвуулж, хувьсгалаас өмнөх түүх хар талдаа бодит үнэнээс зайдуу бичигджээ. Одоо ч гэсэн түүх соёлоо бахархан дээдлэх үндэсний үзэл, бусад ард түмний түүх соёлоос өөрийгөө өндөрт тавьдаг үндсэрхэг дээрэнгүй үзэл хоёроо ялгаж чадахгүй хөөрцөглөөд байгаа “Эх орончид” байсаар байна.
Чингэс хааныг дээдлэгч
1962 онд Чингэс хаан мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан түүх соёлын арга хэмжээ зохион явуулж Хэнтийн Гурван нуур хэмээх газарт дурсгалын хөшөө босгон эдгээр ажлыг зохион байгуулан Намын төв Хороо, Улс төрийн товчооны гишүүн Төв хорооны нарийн бичгийн дарга Н.Төмөр-Очироор удирдуулсан комисс байгуулах зэрэг ажлыг Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй МАХН-ын төв хороо, СнЗ-ийн тогтоол шийдвэрээр гүйцэтгэж байсныг ухаарахгүйгээр харин Н.Төмөр-Очир санаачлан хийж Цэдэнбал балласан юм шиг гүтгэн эндүүрэгчид байдаг юм.
Чухам үнэнийг хэлэх юм бол дээрх арга хэмжээ, үйл ажиллагаа бол дэлхий дахинаараа хоёр системд хуваагдаж түүний нөгөө тал социалист системийг толгойлж явсан ЗХУ-ын Коммунист нам Чингэс хааны талаар баримталдаг үзэл бодлогод харш үйл ажиллагаа гэж үзээд их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээг таагүй хүлээн авч байгаагаа мэдэгдсэн тул арга буюу тэдний шаардлагыг хүлээн авч байгаагаа өнгөн дээрээ харуулахаас өөр гарцгүй байсан юм билээ.
Энэ үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг их бага үндэстнүүдийн дотор үндсэрхэг үзэл газар авч үндэсний сэхээтний дунд соёл, түүх уламжлалаа хадгалан хамгаалах гэсэн сэхээтнүүдийг нь нугачин дарж “Автономит Буряд Монгол Улсыг-Монгол” гэдгийг хасаад “Автономит Буряд” болгон өөрчилсөн билээ. Бал дарга 1964 онд Токиогийн олимпт оролцох тамирчид дасгалжуулагчдыг хүлээн аваад “Монголын нүүр царайг анх удаа олимпийн дэвжээнээс дэлхийн олон орны өмнө харуулах гэж яваа та бүхэн өөрсдийгөө Чингэсийн үр сад шүү гэдгээ санаж яваарай” гэж захиснаас үзэхэд тэр хүн хааныхаа тухай сэтгэл зүрхэндээ эрхэмлэж явдаг нь тодорхой.
Нэгэн үе ЗХУ-ын Коммунист намаас өөрийн нөлөөнд байсан социалист системийн орнуудыг ЗХУ-тай бүх талаар “ойртон нягтрах” бодлогыг явуулж тэнд цугларсан социалист орнуудын нам төрийн тэргүүнүүд түүнийг дэмжиж гарын үсгээ зуржээ. Ю.Цэдэнбал дарга хамт явсан нөхөддөө “Энэ асуудалд нухацтай хандах нь зүйтэй” гэж сануулаад “Монгол Улсын тусгаар тогтнолд хамааралгүй гэж үзээд би гарын үсгээ зурлаа” гэж хэлж байсныг тэр үеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан хүн дурсан хэлсэн байдаг.
Гэтэл Монгол улсыг хэт нь ЗХУ-тай нэгдэх хүсэл эрмэлзлэлтэй байсан мэтээр ам цуурдаг хүмүүс байсан нь цаанаа л түүний эсрэг байсан хорон санааны илрэл юм. Тэгэж ярих юм бол эх орны их дайны удаах сэргээн босголтын үед Орост боловсролтой болсон, тухайн үедээ нам төрийн төв байгууллагад алба хашиж байсан хэсэг хүмүүс /нэрийг нь дурьдах шаардлагагүй гэж үзлээ/ зориуд цаг хугацаа гарган Сонгины амралтанд очиж Монгол Улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд Холбооны улсын Статустай улс болгон нэгтгэх санал хөтөлбөрийг, боловсруулан Маршал Х.Чойбалсанд танилцуулахад тэрээр огтхон ч хүлээн аваагүй гэдэг.
“Эрдэмтэн хүний үүрэг” нэртэй нийтлэлийг Ю.Цэдэнбал бичүүлээгүй
Энэ хавар өдөр тутмын сонины нэгэн дугаарт их эрдэмтэн Бямбын Ренчингийн тухай ном бичсэн сэтгүүлч Н.Цэрэнтэй тус сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг нийтэлсэн байна. Н.Цэрэн их эрдэмтний нэрийг барьж Ю.Цэдэнбалыг үндэслэлгүй гүтгэсэн байна. Ю.Цэдэнбал их эрдэмтэнг хавчин хяхаж байсан гэж үндэслэлгүй баримт гарган бичжээ.
“Намын амьдрал” сэтгүүлд “Эрдэмтэн хүний үүрэг” нэртэй нийтлэлийг Цэдэнбал бичүүлээгүй харин Намын төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга байсан Чимэддорж зохиолч Лочинд үүрэг өгч бичүүлснийг Бал дарга уншиж үзээд тэр хоёрыг албан өрөөндөө дуудан ирүүлж сэтгүүлд гаргасан нийтлэлийг буруушааж их эрдэмтнээр зүй бусаар оролдож болохгүйг сануулсан гэдэг.
Их эрдэмтний лагшин тавгүйрэхэд Бал дарга маш их санаа тавьж өөрийн танил ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн академич, доктор профессорт хувийн захиа бичиж Б.Ренчин гуайг өвчнөө эдгэрүүлэхэд нь туслалцаа үзүүлэхийг хүсч байжээ. Сэтгүүлч Цэрэн уул номондоо их эрдэмтэнд таалал төгсөхөд ажил явдалд нь хэн ч очиж оролцож болохгүй гэж хориглосон мэтээр бичсэн нь мөн л ор үндэслэлгүй зүйл.Б.Ренчин гуайн бие муу хариугүй байхад нь Бал даргын санаачлагаар Намын төв хорооны Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ эргэн очиж байсныг их эрдэмтний үр, хүүхэд нь мартаагүй байх.
Монголын малын тоо толгойг 31 саяд хүргэх зорилтыг Ю.Цэдэнбал дэвшүүлсэн үү?
Дайны үед Чойбалсан Сталинтай уулзахдаа танай Монгол улсын малын тоо хэд вэ? гэхэд хорин нэгэн сая гэжээ. Сталин танай Монгол Улсын мал 20 сая байтугай 200 сая байсан ч илүүдэхгүй гэж хэлснээр малаа 200 саяд хүргэх зорилт тавьсан юм гэдэг. Харин дааж давшгүй зорилт болсон нь илэрхий тул Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Монгол Улсыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд малын тоог 31 саяд хүргэх зорилтыг тухайн үед эдийн засгийн боловсон хүчин дутмаг байсан нөхцөлд наад зах нь сүргийн эргэлтийн тооцоог ч хийхийг мэдэхгүй Ю.Цэдэнбалын өмнөх хүмүүсийн хийсэн ажлыг Бал даргын хийсэн тооцоогоор намын программ зорилт болгосон мэтээр Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн СнЗ-ийн нэгдүгээр орлогч агсан Т.Рагчаа гэдэг хүн сонинд хэлж бичүүлэхдээ, “Ю.Цэдэнбалын тэр мөрөөдлийг биелэшгүй юм гэдгийг мэдэж байсан ч хэрэгжүүлэх гэж орон гэртээ орох завгүй хөдөө орон нутгаар явж байсан” гэжээ. Яг тэр үед хоршоодын холбоонд нягтлан байсан Рагчаа гуай Ю.Цэдэнбалын тэр биелэшгүй зорилтыг биелүүлэх санаатай /бас биелэхгүйг нь мэдсээр байж/ зүтгэж явсан нь юу л бол.
Хэлэх үгээ хуучин бичгээр бэлддэг байсан
Бал дарга Сангийн яамны залуухан сайд байхдаа хөдөө байсан дүү Аюушийгаа хотод сургуульд оруулж сурлаганд нь тун ч их анхаардаг байж. Тэр үед дүүдээ “Манай энэ хуучин монгол бичиг бол Чингэс хааны үеэс хэрэглэж ирсэн юм шүү. Монгол бичгээр орос болон гадаад үгийг ч бичиж болдог. Эх хэлээ сайн сурах хэрэгтэй. Мөн бичиг үсгийн боловсролд хичээнгүйлэн суралцаж, сайн эзэмших хэрэгтэй” гэж захидаг байсныг дүү Аюуш нь дурсан ярьжээ.
Цэдэнбалтай хамт ажиллаж, удирдлагад нь байсан хүмүүсийн дурсан хэлснээр Бал дарга хуучин монгол бичгээр маш гоё бичдэг, Их Бүгд хурлын материал буюу хэлэх үгээ хуучин бичгээр бичиж боловсруулаад дараа нь орос хэлэнд хөрвүүлж кирилл үсгээр бичдэг байсан гэдэг. Өнгөрсөн зун “Ийгл” телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцож байсан нэг эрдэмтнээс сурвалжлагч “Монгол бичгийг устгах ажлыг Ю.Цэдэнбал биш Оросууд хийсэн гэдэг. Үүнтэй та санал нийлдэг үү” гэхэд “Монгол бичгийг устгахад Сталин ч заавар өгсөн, Ю.Цэдэнбал ч оролцсон” гэж хариулж байсан.
Мөн МҮИС-ийн багш Ц.Шагдарсүрэн “Шинжлэх ухаан танин мэдэхүй “ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Ю.Цэдэнбалыг “Хоцрогдсон сурахад хэцүү хуучин хүнд суртлын үлдэгдэл гэж үзээд ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол гэгчийг гаргасан” мэтээр ойлгуулахыг оролдон мэдэмхийрчээ. Ю.Цэдэнбал байтугай тэр үеийн жирийн албан хаагчаас эхлээд боловсролтой бүх хүмүүс “Хэлний шинжлэл, бичиг соёлд анги, намын чанар байхгүй гэдгийг сайн ойлгож байсан юм.
Түүхэн үнэн нь бол 1930-аад оны эхээр Латин үсгийг албан ёсны бичиг үсэг болгох гэж үзээд нэг ч их удаагүй 1940-өөд оноос орос кирилл үсгийг албан бичиг болгох зорилт тавьж тогтоолд нь Маршал Х.Чойбалсан гарын үсэг зурахдаа кирилл үсгийг сурч амжаагүй байсан ч юмуу хуучин монгол үсгээр зурж байсан гэдэг. Тэгэхдээ төрийн албан ёсны бичиг гэж үзээд бичиг үсэгт тайлагдах бүлгэм дугуйлангаас эхлээд бүх шатны сургуулиудад кирилл үсгээр хичээл зааж байснаас биш хуучин монгол бичгийг устгах тухай засаг төрийн хууль тогтоол гараагүйгээр барахгүй “хос бичигтэн байя” гэдэг санаагаар хуучин бичгийн хичээл сургуулиудад заадаг байсан шүү дээ.