1916 оны 9 дүгээр сарын 17-нд Үнэн зоригт хан аймгийн Зоригт хан хошуунд одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаа хэмээх дөрвөд гэр бүлд 11 хүүхдийн 5 дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомд шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгсчээ. Ардын засгийн эхний жилүүдэд улс орон даяар боловсрол эзэмшүүлэх бодлого хэрэгжүүлж аль болохоор язгуур угсаагүй энгийн ардын хүүхдүүдийг ЗХУ-д сургахыг зорьж байсан цаг үед Цэдэнбалд Зөвлөлтөд 9 жилийн турш суралцах завшаан таарчээ. Тэрбээр Эрхүүд техникумын бэлтгэл курс, Санхүү эдийн засгийн факультэт, Улаан-Үдийн санхүү эдийн засгийн сургууль, Эрхүүгийн Сибирийн санхүү эдийн засгийн институтэд тус тус суралцаж онц дүнтэй төгсөн эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
Зөвлөлтийн удирдагч Сталин маршал Чойбалсантай уулзах үедээ оюутан Цэдэнбалыг дуудуулдаг байв. Цэдэнбал 1938 онд Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн Яамны дэд сайд, 7 дугаар сараас Сангийн Яамны сайдаар ажиллажээ. Эл хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 онд МАХН-ын Их хурлаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, Улсын Төлөвлөгөөний Хорооны дарга, 1952 онд Ерөнхий сайд, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр тус тус ажиллажээ.