Д.Бямбасүрэн: Маршал Ю.Цэдэнбал бол Монгол Улсынхаа түүхийн хагас зууныг мөрөн дээрээ үүрч явсан хүн

Монгол төрийг 44 жил удирдаж, БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж явсан, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ой,  төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиолоо. Түүний талаар удирдагч болоод улстөрчийн хувьд хэн байв. Хүний мөс чанарын тухайд хэр байв. Улс орондоо юу хийж бүтээсэн бэ гээд олон асуулт тавигддаг. Энэ сэдвээр Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Та “Эрдэнэт” үйлдвэр эхний үед алдагдалтай ажиллаж байсан гэж дурдсан. Тэр талаар тодруулна уу?

-1982 онд би Брежнев гуайд хандсан  нэг захидлын төсөл хийгээд Ю.Цэдэнбал гуай дээр очлоо. “Эрдэнэт” үйлдвэрийн алдагдлыг арилгах талаар арга хэмжээ авах талаар Зөвлөлтийн талд санал тавихаас өөр аргагүй боллоо гээд. Захидлынхаа төслийг үзүүлсэнд Ю.Цэдэнбал гуай над руу хараад “Бямбасүрээн” гэж байна. Тэгээд “Чамд нэг том дутагдал байна аа” гэнэ. Би өөдөөс нь хараад, юу гэж байгаа юм бол доо гэж бодож зогстол загнах гээгүй бололтой инээж байна. Тэгснээ “Чи юмыг их тойруулж хэлэх юм, шууд хэлж бай л даа” гээд Л.Брежневт бичсэн захидал дээр маань “Бид ингэж амьдарч чадахгүй” гэж бичээд гарын үсэг зураад “Явуул” гээд өглөө.

-Тийм нэг захидлын сураг сонсогддог, тэр байх нь. Тэгээд захидлаа явуулсан уу?

-Би Л.Брежневт захидал явуулах эрх мэдэл бүхий хүн биш, тэр чинь Төв хорооны хэлтэс, Улс төрийн товчоогоор  орж байж явах ёстой. Тэгээд би Ю.Цэдэнбал даргын гарын үсэг зурсан захидлын төслийг бариад Ж.Батмөнх гуай дээр очлоо. Ю.Цэдэнбал гуай ингэлээ, би ямар захидал явуулдаг хүн биш. Та иймэрхүү санаа, загвараар захидал явуулна уу” гэлээ. Тэгсэн Ж.Батмөнх гуай тийм захидал явуулсангүй. Өмнө би Ж.Батмөнх гуайд санаагаа хэлж байснаас захидлын төслийг үзүүлээгүй юм. Гэтэл Ж.Батмөнх гуай захидлын эхийг Д.Содном гуайд үзүүлж. Д.Содном гуай намайг “чи хоёр гүрний хооронд будлиулах гэлээ, барилаа” гээд баахан загналаа. Ингээд баахан загнуулж аваад тэр захидлын эхийг би хадгалсаар байгаад 1984 онд ажлаас халагдахдаа бор цаасанд дугтуйлж лацдаад, миний оронд очсон Бямбажавт “Монголын түүхэнд хэрэгтэй баримт юм шүү” гээд орхисон. Үүнээс харахад Ю.Цэдэнбал гуай 1982 оны үед гэхэд ер нь монгол орныхоо эрх ашгийн асуудлыг бүхнээс урд тавьж, нэлээд бухимдуу байсан юм уу болов уу гэсэн ойлголт төрдөг юм.

-Түүнээс хойш  юу болов?

-Тэр явдлаас хойш  миний Ю.Цэдэнбал гуайтай уулзаж явсан нь гэвэл 1983 онд хэдэн том үйл явдал болсон юм. Би Монголын үнийн системийг өөрчлөх, үнийн бодлогын ерөнхий төсөл хийж, гуравдугаар  сарын 26-нд Улс төрийн товчооны хурлаар хэлэлцүүллээ. Гэтэл товчооны гишүүд санал зөрж, хоорондоо жаахан ширүүндүү үг хэлэлцэж, зохицох боломжгүй болоод Ю.Цэдэнбал гуай дахиж хуралдая, хурлыг хойшлуулъя гэснээр 29-нд дахин хуралдсан. Тэр хурал болохын урд орой нэг үйл явдал болсон нь 1982 онд миний хийсэн үнийн жижиг зохицуулалтын дараа Зөвлөлтийн худалдааны төлөөлөгч Кузьмин гэж хүн ирээд надад “Чи ер нь Зөвлөлтийн эсрэг бодлого явуулж байна” энэ тэр гээд элдэв юм ярьсан юм. Тэрийг нь би яг тэр хэвээр бичээд Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай, Төв Хорооны манай байгууллагыг хариуцсан нарийн бичгийн дарга Моломжамц гуай хоёрт өгчихсөн юм. Тэд цааш  Ю.Цэдэнбал гуайд хэлээгүй байсан болов уу. Тэгсэн үнийн бодлогын асуудал хэлэлцэхийн урд өдөр буюу 28-нд тэр асуудлыг сөхөж гаргаж ирж л дээ. Гэхдээ тэр нь Майдар гуай.  Би Улс төрийн товчооны гишүүн Рагчаа гуайд өөрийнхөө баримталж байгаа бодлогын асуудал, үнийн төслөө тайлбарлаж өгчихөөд  орой болтол сууж байтал мань хүн Улс төрийн товчооны хурлаас нэлээн  сандарчихсан гарч ирээд   “За болохоо байсан шүү, Бямбасүрээн, цаана чинь Ж.Батмөнх дарга, Моломжамц хоёрыг загнаад, Зөвлөлтийн хүний ярьсан зүйлийг та нар бидэнд хэлсэнгүй гээд сүйд болж байна шүү” гэлээ. Ингээд тэр явдал  өнгөрч, 29-нд хурал боллоо. Гэтэл 29-ны хурал ч шийдвэр гаргаж чадсангүй, дахиад хойшиллоо. 29-ний тэр хурал дээр Ю.Цэдэнбал гуай надад хандаж “Бямбасүрээн, танай хороонд чинь нам, төрийн эсрэг үзэлтэй хүн байна шүү” гэж хэлсэн. “Танай хороонд байна” гэхээр хэрэв намайг хэлж буй бол “чи тийм байна” гэж хэлнэ биз дээ. Тэгэлгүй “танай хороонд” гэхээр нь би гайхлаа. Сүүлд хурлаас гараад  Улс төрийн товчооны ахмад гишүүн Рэнцэнпэлжээ гуайтай машинд цуг сууж явахдаа өвгөнөөс асуулаа. “Дарга надад ингэж хэллээ. Юу гэсэн үг юм бол оо, та надад тайлж өгч болох уу” гэсэнд жаахан бодож байснаа “За чамайг бол эсэргүү гэж хэлээгүй юм байна. Гэхдээ салхи эргэчихсэн байна, болгоомжтой байгаарай” гэсэн.

-“Салхи эргэсэн” гэлээ. Яг тэр үйл явдлын дараа юу болсон бэ?

-Тэгээд 1983 оны аравдугаар сарын 17-нд Зөвлөлтийн Үнийн хорооны дарга ирсэн. Мэдээж, гол асуудал нь гадаад худалдааны үнэ дэлхийн зах зээлийг дагаж явдаг. Зөвлөлтийн тал бол манайхыг зөвлөлтийн дотоодын үнэд шилжээд, дотоодын үнээр гадаад худалдаа хийж, дотооддоо зөвлөлтийн дотоодын үнийг хэрэглэ гэдэг ийм санал тавьдаг байсан юм. Энэ саналаа л хэлэх гэж ирсэн. Ю.Цэдэнбал гуай аравдугаар сарын 17-нд үдээс хойш тэр хүнийг хүлээж авлаа. Ирсэн хүн 30-аад минут ярилаа. Зөвлөлтийн үнийн бодлого ийм байдаг. Танай Бямбасүрэн чинь дэлхийн зах зээлийн үнийг дагана  гээд байх юм гээд ерөнхийдөө санаагаа хэллээ. Тэгсэн Ю.Цэдэнбал гуай хариуг нь хэлэхдээ “Бид танайхыг дагаж ирсэн. Цаашдаа ч дагах байх. Гэхдээ юм бүхэн дээр дагаж чадахгүй. Манай нөхцөл байдал өөр” гэж хэлсэн. Тэгээд хэлэнгүүт тэр үед протокол хөтөлж байсан Аюулаас хамгаалахын ахмад Ариунаа диктофоноо унтраагаад,  “Дарга аа, би бие засаад ирье” гээд гараад явчихсан. Тэр үед надад их сонин сэтгэгдэл төрсөн л дөө. Зөвлөлтийн дарга ч бас их эвгүй байдалд орсон. Сүүлд нь  аравдугаар сарын 25-нд /бүтэн сайн өдөр/ би стандартын ажил хариуцдаг юм чинь тэр ажлаараа ногооны зоорин дээр хэрүүл хийгээд явж байтал Ж.Батмөнх гуай дуудлаа. Очтол Ж.Батмөнх гуай, Д.Содном гуай хоёр сууж байна. Ж.Батмөнх гуай надаас “Том дарга зөвлөлтийн хүнтэй юу гэж ярьсан бэ” гэж байна. Тэгэхээр нь “Протоколыг нь тэмдэглэж,  албан ёсоор авч байх шиг байсан. Тэр дээр байгаа байлгүй дээ” гэлээ. Тэгсэн Ж.Батмөнх гуай “Үгүй ээ, чи тэмдэглэлийн дэвтэр дээрээсээ хэлээд өг л дөө” гэнэ.

Өөдөөс нь “Би тэмдэглэлийн дэвтэр дээр юм бичдэггүйг та мэднэ шүү дээ, би бичээгүй” гэлээ. Миний санаа бол том улс төрийн асуудлаар төрийн дээд удирдлагын хүмүүс дотор хөндлөнгийн хүн үг дамжуулж хутгаж болохгүй гэж бодсон. Тиймээс хэлээгүй.

-Үнийн талаарх  Ж.Батмөнх гуай, Д.Содном гуай хоёрын байр суурь ямар байсан юм бол…?

-Ж.Батмөнх гуай бол яах вэ, гадаад худалдаан дээр дэлхийн зах зээлийн үнийг дагаж явах нь зөв гэдэг талыг бол ойлгоно. Харин Д.Содном гуай бол зөвлөлтийн талд орох нь зөв гэж үздэг байлаа. Тэгэхээр тэр дунд ч гэсэн, Засгийн газар дотроо ч зөрүү үүсгэнэ шүү дээ, тэр чинь. Тэр явдлаас хойно Засгийн газрын ордонд Ариунаатай таарсанд “Нөгөө протоколыг том дарга чамд үзүүл гэсэн” гээд бичгийн машинаар цохисон протокол үзүүллээ. Тэгсэн тэр дотор нь том даргын хэлсэн үг байгаагүй. Тэгэхээр нь би цэнхэр чернильтэй үзгээр  бичгийн машинаар цохисон текстэн дээр нь засвар хийж, даргын хэлсэн үгийг яг хэлснээр нь нэмэлт оруулаад буцааж өгсөн. Сүүлд би Ариунаагаас олон дахин асуусан даа, тэр протокол яасан гэж. “Оршийн Буянгийн архивт байгаа байх” гээд өнгөрсөн. Сүүлд тэрийг том даргад үзүүлсэн үү, үзүүлээгүй юу би мэдэхгүй. Гэхдээ энэ бол Ю.Цэдэнбал гуайн хувьд “Бид зөвлөлтийг дагж ирсэн, цаашид юм бүхэн дээр дагаж чадахгүй” гэдэг чинь нөгөө 1929 оны Монгол-Зөвлөлтийн протоколын 11 дүгээр зүйлтэй харш болоод, Ю.Цэдэнбал гуай зөвхөн би биш /би бол наад талд нь онхолдуулах анхны тоосго/, өөрт нь халтай болчихож байгаа юм. Тэр чинь зөвлөлтийг дагахгүй гэж хэлсэн болж байгаа юм чинь. Ингээд би 1984 оны нэгдүгээр сарын 14-ний Улс төрийн товчооны хурлаар ажлаас халагдсан. Нэгдүгээр сарын 12-нд Моломжамц гуай, Улс төрийн товчооны боловсон хүчин Ламжав гуай хоёр намайг дуудаад хэлсэн юм л даа  “За чи, Үнийн хороон даргаас явах нь зөв юм байна аа, ажлаа өг” гэж. Би “Надад зууралдах юм байхгүй ээ, нэгэнт үнийн бодлогын гол асуудал дээд түвшиндээ ойлгогдохгүй байгаа бол энд миний байх утга учиргүй болно шүү дээ” гэсэн. Тэгтэл  Товчооны хурал дээр Ю.Цэдэнбал гуай “Чи яагаад явъя гээд байгаа юм бэ” гэв. Би “Намын XIX хурлаас гаргасан үнийн бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Иймээс би хариуцлагыг өөртөө авч явъя гэж байгаа юм” гэлээ. Энэ мэтээр баахан ярилаа. Гол асуудал нь манайд дэлхийн зах зээлийн үнийг дагаж явах уу. Зөвлөлтийн дотоодын үнэд орох уу гэдэг хоёр асуудал байгаа юм. Би дэлхийн зах зээлийн үнийг дагаж явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа гэдгээ тайлбарлалаа. Тэгэхэд Ю.Цэдэнбал гуай “За Бямбасүрэнгийн дэлхийн зах зээлийн үнийг дагаж явъя гэдэг нь зөв байна. Энийг протоколд бич. Харин үүнийг дагуулаад дотооддоо үнээ өөрчлөх төслийг нь бид ойлгохгүй байна” гэсэн. Ингээд намайг ажлаас халах шийдвэрийг Улс төрийн товчооноос гаргасан.

-Тэр үед Ю.Цэдэнбал гуай  танд ямар нэгэн зүйл хэлсэн үү, эсвэл тэгээд л өнгөрсөн үү?

-Товчооны хурал дээр Ю.Цэдэнбал гуай надаас “Чамд хэлэх юм байна уу” гэж асуусан. Би “Монгол эх орныхоо төлөө төрийн өндөр албанд 7-8 жил зүтгэх боломж олгосон та нартаа баярлалаа. Өөрийнхөө үзэл бодлоор боловсруулсан энэ төсөл маань хэрэгжих боломжгүй байгаа тул би явахаас өөр аргагүй” гэсэн. Ю.Цэдэнбал гуай тэгэхэд “Бямбасүрээн, чи хаана ч явсан өөрийгөө намын цэрэг гэж бодож яваарай, чамд амжилт хүсье” гэсэн. Тэгэхэд ширээний нөгөө талд сууж байсан Намсрай гуай босож, ширээгээ тойрч очоод Ю.Цэдэнбал гуайн зүүн мөрнөөс татаад “Дарга аа, энэ хүнийг чинь бид халъя гэж байхад…” гэж байсан. Ингээд би 16-наар тасалбар болж ажлаас халагдаад явлаа. Тэр үед би мэдээгүй л дээ, 1984 оны нэгдүгээр сарын 6-нд Ю.Цэдэнбал гуайн нэр дээр “Хайрт удирдагч танаа” гэсэн захидал очсон юм байна лээ. Тэрийг Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын нарийн бичгийн дарга Балбар гэж хүн бичсэн байсан. Тэр захидалд “Монголд нам, төрийн эсрэг эдийн засагчдын бүлэг бий боллоо. Тэрийг Улс төрийн товчооны гишүүн Моломжамц толгойлж байна. Бүлгийн гишүүдээр Моломжамц гуай, Содном гуай, Жасрай гуай, миний нэр, Долгормаа гуай гээд хэдэн хүнийг нэрлэсэн юм байна лээ. Би сүүлд Ерөнхий сайд болсон хойноо тэр захидлыг олж үзсэн. Ю.Цэдэнбал гуай үзээд, хажуугаар нь балаар зураад, тэмдэглэл хийгээд явсан байдаг юм.

Тэр захидалд дурдсанаар бол ерөөсөө зөвлөлтийн эсрэг үзэлтэй хүмүүсийн бүлэг байна. Заримыг нь ажлаас халах, заримыг нь ял үүрүүлэх гээд ангилчихсан байгаа юм, тэр дотор нь. Тийм хүнд нөхцөлд байсан юм байна лээ, тэгээд би ажлаа өгөөд явсан. Энэ бол миний Ю.Цэдэнбал гуайтай ажил төрлийн шугамаар уулзаж,  сүүлчийн үгийг нь сонссон явдал байлаа.

-Яагаад сүүлчийн уулзалт гэж, 1984 он шүү дээ. Түүнээс хойш уулзах боломж гараагүй гэж үү?

-1984 оны долоодугаар сарын 26-нд Ю.Цэдэнбал гуай хойшоо явж, үндсэндээ ачигдсан даа. Ю.Цэдэнбал гуайг хойно хорионд байж байгаад 1988 онд Монголдоо нэг ирсэн ч бид  уулзаагүй.

-Ю.Цэдэнбал гуайн Улсын баатар, маршал цолыг хураах шийдвэрийг хэн хэрхэн гаргасан юм бэ. Тэр үед та хаана ямар ажил эрхэлж байв?

-1989 оны арванхоёрдугаар  сарын 24-нд Төв Хороо, Засгийн газрын гишүүдийн хамтарсан хурлаар Ю.Цэдэнбал гуайн баатар цол, маршал цолыг нь хүчингүй болгох тухай асуудал хэлэлцсэн юм. Тэгэхэд би арванхоёрдугаар сарын 11-нд Сайд нарын зөвлөлийн орлогчоор томилогдсон, хамгийн шинэхэн хүн байлаа. Тэр хурал дээр асуудлыг Төв хорооны зүгээс Лувсансүрэн гэж хүн оруулсан. Намын Төв Хорооны талаасаа бол Ж.Батмөнх гуай ерөнхий нарийн бичгийн дарга нь, тэгээд Намсрай гуай, Дэжид гуай, Дамдин гуай, хороон дарга Чойжилсүрэн, нарийн бичгийн дарга Балхаажав гуай, Сайд нарын зөвлөл талаасаа Содном гуай, Жасрай гуай, Гунгаадорж гуай, Сүрэн гуай, тэгээд би, ийм бүрэлдэхүүнтэй. Тэр хурал дээр Лувсансүрэн гуайг танилцуулга хийсний дараа Ж.Батмөнх дарга “За шийдэх үү” гээд асуулаа.

-Нийтэд нь асууж шийдсэн  юм уу. Та үг хэлсэн биз дээ?

-Хүн бүрийн саналыг асуусан. Цолыг нь хураах тухай асуудлыг шийдэх үү л гэж байгаа хэрэг л дээ. Эхлээд Төв хорооныхноос асуусан, бүгдээрээ “зөвшөөрнө” гээд гар өргөлөө. Сайд нарын зөвлөлийн талыг Д.Содном гуайгаас эхэлж асуухад бүгдээрээ “зөвшөөрнө” гэлээ. Хамгийн сүүлд над дээр тулж ирлээ, би хамгийн залуу нь юм чинь хамгийн сүүлд дуугарахаас яах вэ. Ж.Батмөнх дарга “Чи юу гэж бодож байна” гэхээр нь “Би өөр бодолтой байна. Нэгдүгээрт, хэдийгээр найрамдалт орон ч гэлээ гэсэн гадаад орны 100 мянган цэрэг Монголын нутагт байрлаад, армийн генерал хүн командалж байхад нэгдсэн  цэргийн ерөнхий командлагч цолтон тэрнээс дээш байхгүй бол түүний өмнө ёслох болно. Энэ чинь төрт ёсны асуудал. Хоёрдугаарт, энэ хүн 30-40 жил монгол орныхоо төр, улс төрийг толгойлж ирж. Энэ хүний хийсэн бүтээсэн ажил төрлийг үнэлж баатар цол өгөөд, тэрэндээ харамсах юм бол өөр хэндээ өгөх юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ чимээгүй болж жаахан сууж байснаа Ж.Батмөнх дарга “Болих уу” гэлээ. Тэгсэн бүгд “больё” гээд тарсан. Сүүлд 1990 оны дөрөвдүгээр сарын 18-нд МАХН-ын удирдлага дангаараа хуралдаад цолыг нь хүчингүй болгосон. Сүүлд дахин сэргээсэн, ийм үйл явдал болсон. Энэ бол Ю.Цэдэнбал гуайн талаарх  миний оролцоотой сүүлчийн асуудал  байсан юм уу даа.

-Ю.Цэдэнбал гуайг Орост нас барахад шарилыг авчрах, эсэх гээд төрийн түвшинд хурал болсон гэдэг шүү дээ?

-Ю.Цэдэнбал гуайг нас барсны дараа манайхаас Эрүүлийг хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, доктор Дашзэвэгээр толгойлуулсан комисс явуулсан. Тэр комисс Ю.Цэдэнбал гуайн нас барсан байдалтай танилцаж, зургийг нь бүгдийг авч надад авчирч үзүүлсэн. Дашзэвэг надад танилцуулахдаа “Их эрүүл чийрэг сайхан биетэй хүн байсан юм байна. Цусны халдвараар нас баржээ. Бүсэлхийнээс доош бүх биеийнх нь  ар тал нь эрээн булчин нь гарчихсан, арьс байхгүй болсон. Хоёр хөлийнх нь өсгий цоорч, тэрүүгэр нь идээ бээр гоожсон байсан. Дашзэвэг хэлэхдээ энэ хүн цусны халдвар оруулжээ. Түүнээс биш өөр өвчнөөр нас бараагүй гэсэн. Маш их зовж нас барсан байсан. Би боддог юм, зөвлөлтийнхөн Ю.Цэдэнбал гуайг аваачаад амь насыг нь хороож гэж. Гэндэн гуай, Амар гуай эднийг бас л улсын баяраар аваачаад цаазалж байлаа л даа. Ер нь гадаад том гүрэн гэхэд ялгаа ч үгүй юм уу даа, урд Хятад гүрэн бол Чин ван Ханддоржийн  11 настай хүүг бас л хороогоод тархийг нь  тасалж аваад  аавд нь мөнгөн царан дээр тавиад  өгч л байсан шүү дээ. Америкийнхан Иракийг эзэлж авсныхаа дараа Саддам Хусейнийг дүүжлэх гээд толгойг нь  тасдаад бас л эвгүй юм болж байлаа. Ер нь л их гүрнүүд ийм нэг  садист маягаар ханддаг юм уу даа, харгис хатуу. Үүнээс харахад, хүн эх орныхоо төлөө зүтгэнэ, төрийн өндөр албанд ажиллана гэдэг маш хатуу хэцүү юм байна  даа гэж би дотроо бодож явдаг юм.

-Монголын хамгийн том хэлмэгдүүлэгч, харгис энэ тэр гээд  түүнийг шүүмжилдэг. Хэлмэгдсэн хүмүүсийн үр сад одоо ч зэвүүцэж, харааж зүхэж л байдаг. Тэр хүний хар, цагааныг дэнсэлбэл, сайн муу юу байна?

-Ю.Цэдэнбал гуайн ерөнхий дүр зургийг харъя гэвэл, энэ хүн 1916 онд төрж, 1939 оноос эхлэн намын дарга, банкны дарга, Сангийн сайд гээд өндөр алба хашиж явсан. Төрдөө зүтгэсэн үйл хэргийг нь  гурав хувааж болох юм. Нэг нь 1939 оноос хойш 1952 он хүртэл маршал Х.Чойбалсантай цуг, тэр хүний удирдлага дор явж ирсэн замнал, тэр хүн Ю.Цэдэнбал гуайд улс, үндэстний эрх ашиг, зөвлөлтийнхний нөлөө ямар байдаг вэ гэдгийг чамгүй л хэлж өгсөн байж таарна. Маршал Х.Чойбалсанг нас барснаас хойш 1953 онд Ю.Цэдэнбал гуай Ерөнхий сайд болоод нэг үе бол төрийн удирдлагад ганцаардах ч юм байсан л байх.

Ер нь зөвлөлтийн талыг л барьж явах юмсан гэсэн тэр үзлийг хүчтэй номлодог байлаа. Би бодохдоо, 1970-аад оны дунд үе хүртэл 20-иод жил тэр хүнд ийм үзэл их хүчтэй байсан юм болов уу даа. Зөвлөлтийн үгээр явья, зөвлөлтийг л дагаж явья гэсэн. 1970-аад оны дунд үеэс зөвлөлтийн тал нь бүр Монголын тусгаар тогтнол, Монгол орны оршихуйн асуудал тавиад ирэхэд бол  улс үндэстнийхээ эрх ашгийн талыг бодож баримтлах болсон болов уу. Өөрөөр хэлбэл, төрийн зүтгэлтэн хүнийг дүгнэхдээ ганц шугам дээр, ганц цаг үеийн баримтаар биш, тэр хүний өөрийн амьдрал, үзлийн хувьслыг цогцоор нь үнэлэх хэрэгтэй юм, би ингэж  боддог. Ингэж харах юм бол Ю.Цэдэнбал гуай хэдийгээр тавин хэдээс 1970-аад оныг  хүртэл улс төрд өөрөө нэлээд хүчтэй ноёрхож, давамгайлж, тэгээд Цэндийн хэрэг, Төмөр-Очирын хэрэг, Лоохууз, Сурмаажавын хэрэг гээд элдэв өнгийн асуудлууд үүсгэж байлаа ч гэсэн 1970-аад оны дунд үеэс эхлээд жинхэнэ улс үндэстнийхээ эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан, тийм хүн байсан юм болов уу даа гэж боддог юм. Энэ нь монголчуудын хувьд бүх бурууг нэг хүн рүү чихэх, иймэрхүү байдлаар ханддаг болохоор янз бүрийн сэтгэгдэл үлдээдэг байх л даа. Түрүүн би хэлсэн, намайг ажлаас халах Улс төрийн товчооны тэр хурал дээр тэр хүн “Дэлхийн зах зээлийн үнийг дагах нь зөв байна. Үүнийг протоколд бичье” гэдэг бол төрийн бодлогоо ингэж авч явья л гэсэн үг шүү дээ. Саяхан би нэг сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар дурдсан юм. Тэгсэн сурвалжлагч маань дутуу ойлгосон уу, буруу тэмдэглэсэн үү, ярилцлагыг нийтлэхдээ “Дэлхийн зах зээлийн үнийг дагаж явья гэдэг чинь буруу байна гээд халсан” гэсэн маягаар бичсэн байна лээ. Тийм биш шүү дээ, бид төрийнхөө тэргүүн, улсынхаа удирдагчдад хандахдаа үнэн баримтаар, шударга л хандах ёстой гэж боддог юм.

-Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид энэ тэр гээд бөөн юм болж байсан юм билээ. Энэ бол ардчилсан хүчнийхэн гаргаж тавьж, үхсэн хүнийг хэлмэгдүүлсэн асуудал уу, эсвэл…?

-Ер нь тэгээд Ю.Цэдэнбал гуайг хойшоо явж, албанаас бууснаас нь хойш янз бүрээр шоглох, нэр хоч зүүх, Цэдэнбализм гэдэг нэр томъёо гаргах, элдэв өнгийн асуудал бол тэр үеийн МАХН-ын Төв Хорооны аппарат дотроос гарч байсан юм шүү дээ. Тойрон хүрээлэгчдийн асуудал гээд л ярьдаг. Тэрийг ардчилсан хүчнийхэн тавиагүй юм шүү дээ. МАХН-ынхан дотроосоо л тийм асуудал гаргаж тавьж байсан. Ер нь улс төрийн нам гэдэг  үзэлгүй  болсон цагтаа нийгэмдээ тус болохоосоо будлиан тарих нь их болдог юм уу даа. 1990-ээд оны үед дэлхийн социалист систем нурж, МАХН-ын баримталж байсан үзэл бүтэхгүй болж, ийм нөхцөл бүрдээд ирэхээр бүх бурууг нэг хүн дээр тохож, өөрсдийгөө нэр цэвэр үлдээх гэсэн түшмэдийн явцуу сонирхол давамгайлж, тэр нь Ю.Цэдэнбал гуайн дурсгалыг булингартуулахад нэлээд  хүчтэй оролцжээ гэж ойлгодог.

-Та тэр үед Ерөнхий сайд байсан байх, шарилтай нь салах ёс гүйцэтгэсэн үү?

-Нас барсных нь дараа оршуулах болоход, Төрийн тэргүүний ёсоор оршуулна, өөрөөр оршуулна гээд янз бүрийн үг яриа гарч, дээд түвшиндээ шийд гарсан. Тэр үед миний хувьд  “Би Монгол Улсын Ерөнхий сайд, амьд байгаа хүн, нас барсан хүний оршуулгад оролцох анхны боломж энд гарна. Би оршуулахад нь очно” гэж хэлсэн. Өглөө үүр цайж байхад 5-6 цагийн үед   оршуулах ёслолын протоколынхон намайг аваачсан. Очиход Офицеруудын ордонд шарилыг байршуулж, тэнд нь хүмүүс ирсэн байсан. Намайг арынх нь хаалгаар оруулсан, би салах ёс гүйцэтгээд гарсан. Гэр бүлийнхнээс хөгшин нь, хүүхдүүд нь ирсэн байсан. Ах дүү садангийнхан нь, тэр дотор миний таньдаг ганц хоёр хүн байсан. Төр хүртэл Ю.Цэдэнбал гуайтай салах ёс хийхээс ичингүйрч байсан үе дээ, ингэж бодоход улс төрд шударга байхаас илүү үнэтэй зүйл  байдаггүй юм шиг санагдаж билээ.

-Тэр үед Ш.Жадамбаа генерал айхтар үг хэлж байсан гэдэг байх аа? 

-Ш.Жадамбаа генерал “Та нар Төрийнхөө тэргүүнийг оршуулж чадахгүй бол бид маршалаа авъя даа” гэсэн юм гэнэ лээ, дээр Ерөнхийлөгчийн зөвлөгөөн дээр. Би сүүлд хүнээс сонсон. Миний хувьд протоколынхон очуулна, очуулахгүй гээд, би өөрөө очно гэж зүтгээд. Протоколынхон болохгүй гэхээр нь “Амьд байгаа нь үхсэнийгээ оршуулах ганц боломж гарч байна, би очно” гэж гашуун үг хэлж байгаад очсон юм. Тийм л явдал болсон. Ю.Цэдэнбал гэдэг хүнийг ерөнхийд нь түүхэн талаас нь авч үзэх юм бол Монгол Улсынхаа, улс орныхоо түүхийн зууны талыг нь мөрөн дээрээ үүрч явсан хүн дээ. Хэдийгээр социалист үзэл, коммунизмын үзэл нь төгс бус үзэл байсан, төгс бус аргаар хэрэгжүүлэх гэж зориод бүтэлгүйтлээ ч гэсэн тэр хүний үед олон дэвшилтэт зүйл гарч, монгол орон үйлдвэржиж, монголчууд соёлжиж, эрүүлжиж шинэ үетэйгээ золгосон юм шүү дээ. Тийм болохоор Ю.Цэдэнбал гэдэг хүн  Монголын төрд, Монголын  түүхэнд маш том үйл бүтээсэн төрийн шилдэг тэргүүний нэг. Харин тэр хүнийг социалист үзэлтэй байсан гээд буруугаар үнэлж, тэрүүгээр нь гуйвуулж харж болохгүй.

 -Түүхийг тайлбарлаж болдоггүй гэдэг. Тэгэхээр хэрэв  тэгсэн бол, ингэсэн бол гэж ярьж болох, эсэхийг мэдэхгүй ч “Хэрэв Ю.Цэдэнбал гуай амьд байсан бол ардчиллыг яаж хүлээж авах байсан бол оо. Та тэгж бодож үзэж байсан уу?

-Эрүүлээр хүлээж авах байсан. Нэгэнт тэр социализмын замнал, Зөвлөлтийг дагасан замнал бүтэхгүй болсон бол бид улс орныхоо эрх ашгийг дээдлээд өөр замаар явья гэж хэлж чадах тийм боловсролтой, тийм зоригтой удирдагч байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Тэрийгээ  хэлж  ч байлаа.

-Хэнд?

-Би 1992 оны арванхоёрдугаар сард МАХН-аас гарах өргөдлөө өгсөн юм, Даш-Ёндонд.  1993 оны нэгдүгээр сарын 4-нд Хотын намын хорооносс хоёр хүн ирээд “Та намаас гарсан, батлахаа авъя” гэхээр нь  “Та нар шиг ийм бэртэгчин зантай намд би ороогүй ээ. Ю.Цэдэнбалын намд элссэн юм”  гэж хэлээд батлахаа өгөөгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Leave a Reply

Your email address will not be published.