Ю.Цэдэнбал нэг ч өрсөлдөгчөө Ганц худагт илгээж байсангүй…

Монголын оюуны салбарын нэрт шинэтгэгч, гэгээрүүлэгч Ю.Цэдэнбал

1.XX зууны Монголын соёл боловсролын хөгжилт

Манжийн 200 гаруй жилийн дарлалд нухлагдсан Монголын ард түмний дунд шинжлэх ухааны мэдлэг боловсролтой хүн цөөн байсан билээ. 1921 оны ардын хувьсгалын үр дүнд Монгол орон сэргэн мандах замдаа баттай орж, үндэсний тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нийгэм-эдийн засгаа өөд нь татах, соёл боловсролоо хөгжүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж, анхны иргэний үргэлжилсэн сургалттай сургуулийг төв, орон нутагт нээсэн юм. Эдгээрийн нэг нь болох Улаангомын бага сургууль, Ховдын дунд сургуулийн анхны сурагчдын нэг Ю.Цэдэнбал гадаад орнуудад мэргэжилтэн бэлтгэх нам, засгийн бодлогоор ЗХУ-д эрдмийн аянаа эхэлжээ.

Эгэл жирийн ардын үр хүүхэд эрдэм мэдлэг эзэмших, тэр тусмаа гадаадад суралцах бололцоо бий болсон монголын шинэ үеийн шинэ харилцааны алтан хараацайнуудын нэг нь тэр байсан бөгөөд ЗХУ-д дунд, дээд сургуульд нийт 10 жил тасралтгүй суралцаж, тухайн цаг үедээ чамлахааргүй өндөр боловсрол эзэмшжээ. Эрдэм номын мөр хөөж эхэлсэн хичээнгүй чанартай, номын амтанд шимтсэн монгол хүү багш нарынхаа хайр хүндэтгэл хүлээж, өрлөг жанжин Х.Чойбалсангаас шагнал гардан хүртэж, сурлага, сахилга сайтай оюутан байсны тулд Москва, Ленинград, Хар далайд амрах эрхийн бичгээр шагнагдаж, сургууль төгссөний дараа эрдэм шинжилгээний ажил хийх, аспирантурт суралцахаар Москвад хөөцөлдөж явахад нь эх орон нь дуудаж, чухам энэ үеэс түүний ажил хөдөлмөрийн гараа эхэлжээ.

Монголдоо анхны дээд боловсролтой эдийн засагч болсон Ю.Цэдэнбал тэр үедээ эрдмийн том уурхайд тооцогдож байсан Санхүү, эдийн засгийн техникумын хичээлийн эрхлэгч болж, боловсролын салбарт ажлын гараагаа эхэлсэн нь хожмын жилүүдэд соёл боловсролын байгууллагад тун анхааралтай, элэгтэй хандах болсны нэг үндэс нь болжээ. Удалгүй тэрээр Сангийн яамны орлогч сайд, жинхэнэ сайдын албанд дэвшиж ажилласан юм.

1940 он бол Монгол улсын түүхийн нэн чухал зааг үе байлаа. Үндэсний ардчилсан шинжтэй өөрчлөлтүүд хэрэгжиж, манай орон хөгжлийн шинэ зурвас үед орж, эрдэм боловсролтой хүн юу юунаас чухал байв. Баруунтан, зүүнтэн, хэлмэгдүүлэлт гэсэн үйл явдалд гар хуруу дүрээгүй шинэ залуу кадр ихээхэн шаардагдаж байлаа. Ю.Цэдэнбалын гэр бүлийн алтан багана болсон нагац ах Цэвэлжин хэлмэгдэн буудагдсан, хүү Гэжээ нь шоронд орсон зэргийн хүнийг хэлмэгдүүлэн хохироох байдлыг залуу Цэдэнбал гаргахгүй байх гэсэн найдварыг тэр үеийн удирдагч Чойбалсанд төрүүлсэн байна. Дэлхийн дайн дэгдэж, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ЗХУ-тай найрамдал нөхөрлөлөө зузаатгаж чадах зөвлөлтөд элэгтэй хүн удирдлагад хэрэгтэй байжээ. Мөн баруун хязгаарын ард түмний дунд гарч байсан зарим дургүйцлийг намжаах, олон үндэстэн ястнуудын эв нэгдлийг зузаатгах шаардлагын үүднээс бага ястнуудаас удирдлагад дэвшүүлэх нь мөн л зүйтэй байжээ. Монголын тэр үеийн гол удирдагч Х.Чойбалсан дээрх шаардлагуудыг харгалзан залуу Цэдэнбалтай биечлэн нарийн танилцаж, шалган туршиж, бас ч гэж зөвлөлтийн багш нарын үг, албаны хүмүүсийн санал бодлыг ч судалж, бүр И.В.Сталинд үзүүлж танилцуулах үндсэн дээр Ю.Цэдэнбалыг МАХН-ын удирдлагад хөтлөн, дэвшүүлж гаргаж ирсэн ажээ.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлж, монголчуудын өмнө хөгжил дэвшлийн шинэ эрин үеийг нээхэд гарамгай гавьяа байгуулсан МАХН баруунтан, зүүнтэн, хэлмэгдүүлэлт хэмээх үйл явдлын улмаас ихээхэн хохирол амссан энэ үед ЗХУ-ын нөлөөгөөр намыг бэхжүүлэхэд манайд их анхаарах болсон юм. 1940 оны БНМАУ-ын Үндсэн Хуульд МАХН нь “хөдөлмөрчин ардын тэргүүнд явах хэсэг бөгөөд улс нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин” гэж тодорхойлсноос үзэхэд тэр үед монголд ганц нам байж, нам, төрийн хольцолдон нэгдсэн тогтолцооны пирамидад МАХН дээд оргил байр суурь эзлэх үйл явц эхлэн хэрэгжсэн гэж хэлж болох юм. Хууль зүйн энэхүү шууд утгаар авч үзвэл Ю.Цэдэнбал 1940 онд улс орны удирдлагын дээд өндөрлөгт гарч ирсэн хэрэг байв. Гэвч Х.Чойбалсанг тахин шүтэх, бас хүндэтгэх үүднээс хоёр дахь хүн маягтай, нөгөө талаар өөрөөс нь хорин нас ах энэ төрийн хашир зүтгэлтний хувьд бараг л хүүхэд нь юм шиг байж, нам, төр, улсын ажилд суралцаж эхэлсэн нь монгол дахь засаглалын тухайн үеийн нэг онцлог байжээ.

Эрх баригч намын шинэ залуу даргын эн тэргүүний зорилт нь эх орондоо соёл гэгээрлийг хөгжүүлэх, боловсролыг төр, засаг, намын анхаарлын төвд тавих, хөдөлмөрчдөд, ялангуяа залуу үеийг эх оронч иргэнлэг үзэл, эв нэгдэл, энх тайвны үзлээр хүмүүжүүлэх явдал байв.

Ю.Цэдэнбал МХЗЭ-ийн 1940 оны IV бүгд хуралд хэлсэн үгэндээ: “НТХ, СнЗ-өөс сум бүрд сургууль байгуулах тогтоол гаргаж, энэ жил зун ба өвлийн нийлсэн бүгд 217 сургууль байгуулахаар тогтоон явуулж байна. Ямар ч улс нэг жилд өдий чинээ сургууль байгуулсан түүх үгүй байна. Бид үүнийг онцгойгоор үнэлэн үзэх хэрэгтэй. Энэ жил 50000 хүнийг бичиг үсэгт сургах төлөвлөгөөтэй байна. Соёлын фронт бол ажлын өргөн талбар мөн”  гэж нам, улс, ард түмний өмнө зогсож байсан нэн тэргүүний зорилтыг тодорхойлжээ.

Хүн амын дөнгөж арав гаруйхан хувь нь бичиг үсгээ халтар хултар мэддэг, урьдын олон жилийн ядуурал, хоцрогдол, дайн дажин, алдаа гажуудлын зовлонд нэрвэгдсэн, эдийн засаг, санхүүгийн боломж бага дорой оронд хүн ардаа бичигтэн болгох зорилтыг хэрэгжүүлэх тэмцлийг тэр үеийн монголын удирдагчид, түүний нэг болох намын дарга шийдмэг зоригтойгоор эхэлжээ. Тавиад оны сүүлчээр энэ зорилгоо хэрэгжүүлж, Монгол нь бичиг үсэг үл мэдэх явдлыг устгасан Азийн анхны орон болж, ЮНЕСКО-ын шагнал хүртэж байсныг судалж, сургамж авах хэрэгтэй юм.

МАХН-ын залуу удирдагчийн эн тэргүүний зорилт бол залуу үеийг эрдэм мэдлэгтэй, эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлэх явдал бөгөөд боловсрол, соёлын асуудал Ерөнхий нарийн бичгийн даргын шууд хариуцдаг салбар байлаа. Багшлах ажлаас гараагаа эхэлсэн Ю.Цэдэнбал бүр анхнаасаа боловсрол бол бодлогын тэргүүлэх салбар гэж үзэж байсан билээ. Ю.Цэдэнбал энэ үед МУИС-ийг санаачлах, байгуулах, хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

Боловсрол бол хөгжлийн үүд хаалга, нийгмийн урагшлах хөдөлгөөний бат үндэс гэж тэрбээр хатуу итгэж байснаас сургууль соёлын газрыг төр, засгийн шууд ивээлд авч байлаа. Монголын буурал түүхэнд Цэдэнбалын үеийнх шиг олон сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын ордон, кино, театр, номын сан байгуулагдаж байсан үе байхгүй гэж хэлж болох юм. 1940-1985 онд шинээр ЕБС 580, ТМС 40, техникум 21, их, дээд сургууль 8-ыг байгуулахын тулд нам, төр, засаг асар их хөрөнгө, хүч зарцуулж, ер бусын хүчин чармайлт гаргасан бөгөөд эдгээрийг байнга тогтвортой ажиллуулж, бэхжүүлж, багшаар хангаж ирсний дүнд энэ хугацаанд сургуульд суралцагчдын тоо 28 мянгаас 511 мянга болтлоо өсөж, дөрвөн хүний нэг нь аль нэг сургуульд сурдаг, ард түмнийхээ үр хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг, боловсрол өөдлөн цэцэглэсэн орон болсон юм. Монголын олон үрс өлсөх цангах, даарах бээрэх, тэнүүчлэх, траншейнд хоноглох, өвчинд баригдах, гэмт хэргийн золиос болох, ядууран гуйланчлах, өдөр шөнөгүй хүнд хөдөлмөр хийх зэрэг нийгмийн үзэгдэл ер нь л байсангүй. Энэ үед бүхнийг хүүхдийн төлөө, залуу үеийн төлөө гэсэн уриагаар бүх ард түмэн, нам, төр, засаг, эх орон амьсгалж байсныг бид мэдэх билээ.

Дотоод бололцоог шавхан дайчлахаас гадна Ю.Цэдэнбал ба түүний хамтран зүтгэгчид сайн санааны эв хичээсэн бодлогоороо бусад хөгжилтэй хүчирхэг ард түмнүүдийн дэмжлэг хүлээж, Европ, Азийн арав гаруй оронд жил бүр арван мянга гаруй охид, хөвгүүдийг өөрсдөөс нь ганц ч төгрөг гаргалгүй бараг тэдгээр орны хөрөнгөөр сургаж, эх орныхоо мэргэжилтний алтан фондыг арвижуулсан юм. Ардын засгийн жилүүдэд /1921-1985 онд/ зөвхөн Зөвлөлтийн их, дээд, дунд сургуулиуд монголын 30 мянга гаруй охид, хөвгүүдэд мэргэжил мэдлэг, боловсрол, соёл олгосныг бид ахмад үеийн ачтан буурлуудын бодлого, буянт үйлстэй холбож ойлгох нь түүхийн үнэнд нийцэх биз ээ.

1940 онд багш, эмнэлгийн эмч, сувилагч ажилчид, санхүү, дансны ажилчид, худалдааны ажилчин, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, их төлөв дамжаагаар бэлтгэгдсэн үндэсний шинэ хүчнүүд хэмээх 6000 гаруйхан хүн ажиллаж байсан бол 1983 оны байдлаар дээд мэргэжилтэй 60 мянга, тусгай, дунд боловсролтой 70 мянган боловсон хүчнээс гадна ТМС, жилийн дамжаа төгссөн олон зуун мянган хүн ажиллаж байлаа.

Ю.Цэдэнбал олон арван жилийн турш тууштай бэлтгэсэн боловсон хүчнийг “үнэт алтан фонд” гэж үзэж, үндэсний сэхээтний армитай болсныг томоохон ололтод тооцож, “Бүх ажил, бүх бодлогын хувь заяаг боловсон хүчин шийдвэрлэнэ” гэж зааж, тэднийг хайрлаж, анхааран халамжлахыг цаг ямагт захиж хэлж, тийм үлгэр дуурайллыг өөрөө үзүүлж байлаа. Мэдээж тэдэнд өндөр шаардлага тавьж, байнга тусалж байхыг, ялангуяа тэднийг эх орон, ард түмнийхээ төлөө үнэнч, шударга зүтгэдэг болгон хүмүүжүүлэхийг амин чухал зорилт гэж номлож, сургамжилж байв. Тэр үеийн сэхээтнүүд өөрийн бүх хүч мэдлэгээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө шавхан дайчилж, ажиллаж байсан гэж хэлэх нь шударга үнэнд нийцнэ.

Боловсролын хөгжилтийг дагаж шинжлэх ухаан хөгжсөн бөгөөд Ю.Цэдэнбалын баг улс орны амин чухал аливаа асуудлыг юуны өмнө гол төлөв үндэсний эрдэмтэдтэйгээ зөвлөж, тэдний санал хүсэлтийг гаргуулж, судалгаа туршилт явуулах үндсэн дээр шийдвэрлэн хэрэгжүүлж байсан сонирхолтой өв сургамж өнөө үеийнхэнд ч хэрэгтэй юм.

Эдийн засагч эрдэмтэдийн зөв нарийн тооцоо судалгааны дүнд 1940-1985 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, барилга угсралтын ажлын хэмжээ 210 дахин, бүх төрлийн тээврийн ачаа эргэлт 581 дахин өссөн нь эдийн засгийн шинжлэх ухаан манайд муугүй хөгжсөнийг харуулах биз ээ.

Монголын эрдэмтэд, эмч нар ард түмнээ эрүүлжүүлж чадсаны дүнд хүн амын тоо 1940 онд 738 мянга байснаа 1984 онд 1 сая 820 мянгад хүрч, монгол үндэстэн өсөн өнөржиж, бүл чадал нэмэгдсэнийг сайн судалж сургамж авах нь зүйтэй биз ээ. Монголын эрдэмтэд шинэ үүлдрийн мал, шинэ сортын ургамал гаргаж, Антарктидыг судалж, сансрын уудмыг эзэмших программ хэрэгжүүлж, сансарт хүн нисгэсэн дэлхийн арваадхан орны нэг болов.

1960 оны X сарын 13-нд Шинжлэх ухааны академи байгуулах Намын Төв Хорооны анхны шийдвэрт Ю.Цэдэнбал гарын үсгээ зурж, X сарын 20-нд тэрээр “ШУА байгуулах бэлтгэл ажлын тухай” НТХ, СнЗ-ийн тогтоолыг намын удирдагч, Засгийн газрын тэргүүний хувьд гаргаж, 1961 оны V сарын 22-нд Ю.Цэдэнбал СнЗ-ийн даргын хувьд ШУА-ийн анхны дүрмийг нь баталжээ.

Ю.Цэдэнбал орчин үеийн Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар жинхэнэ эрдэмтэн хүний ёсоор хандаж анхаарал тавьж байсан хийгээд ШУА-ыг байгуулах талаар гарамгай үүрэг гүйцэтгэснийг үнэлж түүнд ШУА-ийн Хүндэт академич цол олгож, намын нийгэм эдийн засгийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх талаарх идэвхтэй үйл ажиллагааг нь өндөр үнэлж бүтээлээр нь эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг олгожээ.

Энэ шийдвэрийг эрдэм шинжилгээний хүрээнийхэн баяртай хүлээн авчээ.

Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэхэд төр, засаг чадах чинээгээрээ зүтгэсэн юм. 1940 онд манай оронд орос, монгол нийлсэн дунд мэргэжилтэй нийт 108 эмч ажиллаж байсан бол АУДС байгуулж, үндэсний эмч нарыг бэлтгэж, бас гадаадад эмч нар бэлтгэх болсны дүнд 1985 онд 4595 их эмчтэй болж, 10000 хүнд ноогдох эмч 1.5 байснаа 23 болж, нэг их эмчид ноогдох хүний тоо гэсэн үзүүлэлтээр АНУ, Япон, Их Британи, Сингапур, Тайвантай зуузаа холбох болсныг чухал ололт гэж гадаад, дотоодынхон үздэг, бичдэг нь үндэстэй юм. Ю.Цэдэнбалын баг соёл, урлаг, утга зохиолыг хөгжүүлэх өргөн бололцоог бий болгохыг чармайсан юм. Чухам л энэ үед Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ч.Лодойдамба, Э.Оюун, Л.Түдэв, С.Удвал, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, С.Норовбанзад, Б.Одон, Н.Чүлтэм, О.Цэвэгжав, Д.Амгалан, Ч.Ядамсүрэн нарын зуундаа төдийгүй мянганд алдарших гайхамшигт уран бүтээлчид төрөн гарсан юм. Соёл урлаг, утга зохиолын олон арван мастерууд Ю.Цэдэнбалтай ойр дотно, бүр удирдах багт нь орж, энэ салбаруудыг хөгжүүлэх талаар хамтран зүтгэж байсан билээ. Гадаадын уран зохиолыг орчуулж хэвлэх, нийтийн хүртээл болгох ажил ер нь оргил үедээ байв.

Монголын сэхээтний томоохон хэсэг зэвсэгт хүчний салбарт алба хааж байлаа. Дал, наяад онд цэргийн боловсон хүчний чадавх өсөв. Тусгай хороо, дивизийн захирагч, түүнтэй адил дээд тушаалын офицеруудын 80%, хороо батальон, дивизионы захирагч нарын 60% нь цэргийн дээд боловсролтой хүмүүс болов. Монголын армийн бүх офицерийн 35,3% нь ЗХУ-д цэргийн академи, дээд, дунд сургууль төгссөн хүмүүс байв. Энэхүү ахиц өөрчлөлт Улсыг батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан /1941 оны Армийн комиссар, 1944 оны дэслэгч генерал/ Маршал Ю.Цэдэнбалын үйл ажиллагаатай шууд холбоотой байсан гэж хэлж болох юм.Монголын нийгмийг удирдах хүчний үүрэг гүйцэтгэж байсан МАХН-ын удирдагчаар 40 гаруй жил ажиллахдаа Ю.Цэдэнбал намын удирдлагын үр нөлөө нь боловсон хүчний чадавхаас их шалтгаална гэж үзэж, намыг боловсон хүчнээр бэхжүүлэхэд онцгой анхаарал тавьж байлаа. Эзэн Чингисийн үед Хурилтайн эрхэм гишүүн, мянганы ноён 90-ээд байсан бол Ю.Цэдэнбалын толгойлсон НТХ-ны гишүүн 90 хүн байсны дотор академич, шинжлэх ухааны доктор, профессор, дэд доктор олон арав байжээ.

 

 

Чингис хаан 9 өрлөг жанжинтай байсан бол ШУА-ийн академич, эдийн засгийн ухааны доктор Ю.Цэдэнбалын хамгийн ойр дотны хамтран зүтгэгчид болох УТТ-ны илүү ч үгүй, дутуу ч үгүй яг л 9 гишүүн байсны дотор хөдөө аж ахуйн эдийн засагч, академич Н.Жагварал, барилгын инженер, түүхийн ухааны доктор Д.Майдар, эдийн засагч, профессор Ж.Батмөнх, хуулийн доктор С.Жалан- Аажав багтаж байв.

Ю.Цэдэнбалын хамгийн ойр дотнын хүмүүс, нам засгийн удирдлагын гишүүд, нэг үгээр түүний багийн гишүүд нь: доктор, генерал Ж.Авхиа, Г.Адъяа, Б.Алтангэрэл, доктор Ц.Балхаажав, проф.Ж.Батмөнх, доктор Г.Бизъяа, доктор Ц.Готов, доктор Р.Гүнсэн, доктор Ц.Гүрбадам, доктор Х.Гүржав, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, П.Дамдин, академич М.Даш, доктор Ц.Даваадорж, доктор Д.Ёндондүйчир, академич Н.Жагварал, доктор П.Жасрай, академич Б.Лхамсүрэн, доктор С.Лувсанвандан, доктор Д.Майдар, проф. Г.Миеэгомбо, С.Мөнхжаргал, доктор Мэндсайхан, доктор Ц.Намсрай, С.Пүрэвжав, доктор М.Пэлжээ, Д.Салдан, Ч.Сүрэн, академич Ч.Сэрээтэр, доктор Р.Санжаасүрэн, доктор Ц.Санжаасүрэн, О.Тлеихан, академич Я.Тойвгоо, доктор Л.Түдэв, доктор Ч.Түмэндэлгэр, зохиолч С.Удвал, доктор Т.Хорхой, профессор Б.Хурметбек, генерал Б.Дорж, хоньчин С.Цогтгэрэл, генерал Б.Цог, академич Д.Цэвэгмэд, доктор Г.Чимэд, академич Б.Ширэндэв, доктор С.Бүдрагчаа, доктор Д.Бямбасүрэн, Ч.Гунгаадорж, доктор Ч.Даваадаш, доктор Г.Дашзэвэг, М.Дүгэрсүрэн, доктор Д.Загасбалдан, доктор Г.Иш, доктор Н.Мишигдорж, доктор Д.Ням-Осор, Л.Ринчен, доктор Г.Совд, академич Н.Содном, Н.Цүлтэм, проф М.Лувсанцэрэн, доктор С.Галсан, доктор Б.Лигдэн зэрэг хүмүүс нь Монголын ард түмний олон үеийнхэн сайн мэддэг, хайрлан хүндэтгэдэг шилдэг эх орончид, ухаалаг улс төрчид, хөдөлмөр бүтээлийн алдартнууд, зууны нэртэй эрдэмтэд, Монголын нийгмийн хамгийн гэгээрэлт хүмүүс, сайн санаат гуманистууд байлаа.

Үүнээс үзэхэд Монголын сэхээтэн, эрдэмтдийн нэлээн чадварлаг томоохон хэсгээр Ю.Цэдэнбал өөрийгөө хүрээлүүлж, тэд нараас байнга сурч, тэдний оюуны асар их чадавхийг төр, нийгмийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дайчлан ашиглаж, тэд нарыг түшиглэн ажиллаж байсан гэж хэлэхэд болох юм.

Гэвч улс орны удирдах бүлэглэлийн дотоодод халаа солио, шинэчлэлт, залуужуулалт цаг үеийн шаардлагын дагуу мэдээж хийгдэж байсан бөгөөд энэ нь өөр намын, үзэл бодлын зөрүүтэй гэдгээр олон тоогоор хоморголох маягаар биш, гол төлөв онол шинжлэх ухааны мэдлэг, ажлын арга барилаар хоцрогдсон, хамт олон, удирдлагатай ажиллах харилцааны соёл, зан чанарын доголдолтой, тухайн үед нам, төрийн баримталж байсан бодлогын гол жанжин шугам, хамтын удирдлагын зарчим, намын эв нэгдэлд хохирол учруулсан зэрэг тодорхой шалтгаанаар л зарим хүмүүсийг удирдах ажлаас өөрчилж байжээ.

Тавиад оны монголын түүхийн ээдрээ будлиантай нэг асуудал бол өөрийн сэхээтнүүдийг хэлмэгдүүлж хохироосон явдал юм. Тэр үед ЗХУКН-ын XX их хурал, түүнчлэн Европын социалист орнуудад социализмыг шүүмжлэх уур амьсгал хүчтэй болсны нөлөөгөөр Монголын сэхээтнүүд ч улс орныхоо хөгжлийг хурдасгахад чиглэсэн санал шүүмжлэл өрнүүлжээ. Үүнд тухайн үеийн намын удирдлага, зөв зүйтэй дүгнэлт хийхийн оронд Намын Төв Хороо 1956 оны 12 дугаар сарын 5нд “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” гэсэн улс төрийн алдаатай тогтоол гаргаж сэхээтнүүдийнхээ идэвх оюуныг дарсан байна.

Мэдээжээр энэ тогтоолыг санаачилж, боловсруулж гаргасан буруутай эзнийг олох авд олон хүн мордоцгоосон бөгөөд Дамба гуай хожим нь: “Тогтоол хийхэд Цэдэнбал, Төмөр-Очир, Ширэндэв нар оролцсон юм” хэмээн нэгдүгээр нарийн бичгийн даргад бараг л дуулдаагүй хэрэг мэт зүйл ярьжээ. Гэтэл Ширэндэв гуай хожим: “Цэдэнбал, Төмөр-Очир хоёр тогтоол гаргах гэж шуурхайлаад эхэллээ. Ерөнхий сайдын орлогч НТХ-ны тогтоол хийнэ гэж байхгүй. Харин би сэхээтнүүдээ хамгаалсан юм” хэмээн Ерөнхий сайдаа хэрэгт барьж өгөөд бултжээ. Тэр үед ачааны хүндийг үүрч явсан Ерөнхий сайд, түүний сайн нөхөр Төмөр-Очир нар л энэ хэргийн буруутан болж “таарав”.

Гэтэл Д.Дамба агсан дурдатгалдаа: “Энэ тогтоол гарсны дараахан болсон Хотын намын идэвхтний хурал дээр Дамба мэтийн хүмүүс сэхээтнүүд рүү довтолж байна гэж Ю.Цэдэнбал хэлчихсэн юм байжээ. Сүүлд нь дуулсан” гэж хэлснээс үзэхэд Ю.Цэдэнбал тухайн асуудлаар намын удирдагч Д.Дамбыг шүүмжлэх байр суурьтай байсныг харуулж байна. Сэхээтнүүдийн санал бодолтой танилцсан уулзалт, яриануудын талаар академич Б.Ширэндэв 90-ээд онд өгсөн ярилцлагадаа: “Сэхээтний төөрөгдөл гэдэг яриа ЭТХ, УИС зэрэг хоёр гурван газар л гарсан юм. Цэдэнбал хүнтэй уулзаагүй. Хашир хүн л дээ. Дамба гуай, Самбуу гуай хоёр Хотын намын хороо, Эвлэлийн Төв Хороон дээр очиж сэхээтнүүдтэй ярьсан байх. Би Их сургууль дээр Балжинням, Самдан нартай хамт очсон. Цэдэнбал Дамба тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид хойно очсон. Төлөөлөгчидтэй Хрушев, Суслов, Андропов нар ярьсан. Тэд: Танайд сэхээтний яриа гэгч гарч гэнэ. Түүн дээр манайхыг элдвээр ярьсан байна. Танайд бид тусалж байсан, талсан юмгүй, учрыг олж засаж залруулна биз дээ. Ийм яриа Унгарт гараад байгаа, ийм ярианы үнэр Чехословакт ч бас гарч байгаа шүү гэсэн. Сэхээтний ярианд Зөвлөлтийн эсрэг гарсан мэр сэр яриа хөөрөө байсан юм. Үүнийг хавтгайруулан цагаатгаж, тогтоолд буруушаасан бүхнийг үндэсгүй зүйл гэж хэлж бас болохгүй” гэжээ.

“Сэхээтний төөрөгдөл” гэгч хэрэг явдалтай Ерөнхий сайд Ю.Цэдэнбал ямар хамааралтайг судлахад хэрэг болохуйц баримт материалууд ч олдсоор байна.

1959 оны III бүгд хурал дээр Д.Дамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байхад Ю.Цэдэнбал хэлэхдээ: Дамба нь “Цэнд ийм муухай юм гаргасан. Төмөр-Очир ч сэхээтний төөрөгдөлд орсон гэдэг ойлголтыг төрүүлсэн. Энэ бол шууд гүтгэлэг мөн. Цэнд Намын Төв Хороог татан буулгана гэдэг асуудлыг оруулж байгаагүй. Харин Төв Хорооны зарим хэлтсийг татан буулгана гэсэн санал байсан. 1956 онд сэхээтний төөрөгдлийн элдэв үг ярианы дотор үнэтэй цэнэтэй сайн саналууд ч, муу муухай зүйлүүд ч байсан юм. Үүнийг ялган салгаж аваагүй тал бий. Энэ талаар энд тэнд хурал хийлгэж сэхээтний саналыг нэлээд гаргуулж аваад сүүлдээ Төв Хорооны тогтоолд нэлээд хатуу заасан. Тэр үед Төмөр-Очир зүйтэй саналууд гаргасан. Тогтоолд ингэж бөөнөөр нь авах нь (буруушаах нь гэсэн санаа болов уу) залуу сэхээтний идэвхийг таслахад хүргэнэ. Иймээс сайн мууг нь салгаж, дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн зөв зүйтэй саналыг гаргасан юм. Тэрнээс үндэслэж Н.Дамба Төмөр-Очирт жаахан дургүй нь хүрвэл энийг гаргаж ирдэг болсон юм. Тэр үедээ ингэж тогтоол гаргаад өнгөрсөн юмыг дахин давтан гаргаж ирж байна” гэж тэмдэглэснийг тунгаан бодож үзвэл тун сонирхолтой дүгнэлт гарч байна.

Тавиад оны нийгэм улс төрийн томоохон зүтгэлтэн, хэлмэгдэн хохирч байсан хүн болох доктор Н.Дангаасүрэн хожим дурсахдаа: “Энэ хэрэгт хоёр зуугаад сэхээтнүүдийг холбогдуулан баривчлахаар Самбуу гуай, бид хоёрын үсгийг зуруулах гэхэд бид зөвшөөрөөгүй” хэмээн хотын намын идэвхтэнд Цэдэнбал дарга ярьсан гэж түүний туслах байсан дэд эрдэмтэн С.Ишдорж Академийн Намын Хорооны хурал дээр хэлсэн сураг бий” гэж хэлж байснаас үзэхэд сэхээтнүүдийг хоморголон цохилт өгөх гэсэн хар хүчин тэр үед байсан болон тэр эвгүй эргэлтээс Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар сэрэмжлэн зайлуулжээ гэсэн дүгнэлт гарч байна.

Төөрөгдсөн сэхээтний хамгийн том төлөөлөгч гэгдэж, бараг л шоронд суухаас бусдыг үзсэн Ө.Дорж нь Ю.Цэдэнбалын хүргэн байжээ. Тавиад оны дунд үед болсон үйл явдлын гэрч Ө.Дорж гуай “Дурсамж, сургамж” номондоо “энэ үед Д.Дамба, Б.Ширэндэв нарын зэрэг хэсэг улс төрчид анх удаа “сэхээтний төөрөгдөл” гэгчийг санаанаасаа зохион гаргаж улс төржүүлэн, эх оронч үзэлтэй, үнэнч шударга, ахмад, залуу олон зуун сэхээтний амыг албадан хааж, нэр төр, ажил амьдралаар нь хэлмэгдүүлснийг хэлэх хэрэгтэй. 1956 оны 11 сард МАХН-ын ТХ-ны бүгд хурал болж намайг хуралд суу гэж дуудлага ирлээ.

Тэр өдөр би эмнэлэгт халуунтай хэвтэж байлаа. Энэ учраа хэлж хуралд очиж чадахгүй нь байна гэсэн чинь удсан ч үгүй эмнэлгийн дарга Батсүх, орос эмэгтэй эмч дагуулж орж ирээд танд тариа хийгээд бүгд хуралд яаралтай ирүүл гэж УТТ-оос даалгаж байна гээд тариа хийлээ. Би хуралд очиж суулаа. Хурал орой 8 цаг 30 минутанд эхлэв.

Д.Дамба гуай илтгэл тавилаа. Намын бодлогод харш үзэл, үг, өгүүлэл гарсан гэсэн утгатай илтгэл байлаа. Илтгэлд олон хүний нэр, байгууллага гарсны дотор Дангаасүрэн, Содномцэрэн, Ө.Дорж, Төмөрбаатар, Лхамжав нарын зэрэг олон хүний нэр байлаа. Бүгд хуралд УТТ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байв. Илтгэлийн дагуу санал шүүмжлэл явлаа.

Дэмчиг, Лувсанчоймбол, Сурмаажав нараас элдэв үг яриа гаргасан хүмүүсийг баръя гэж байлаа” гэжээ. Гадаад яамны сайд Адилбиш, “Үнэн” сонины эрхлэгч Цо.Намсрай, Аж үйлдвэрийн сайд Бавуудорж, Тээврийн сайд Ядамсүрэн, НТХ-ны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, Засгийн газрын орлогч дарга Л.Цэнд, УБТЗ-н дарга Цогтсайхан нар Доржийг хамгаалж тус бүгд хурал дээр үг хэлжээ. “Ю.Цэдэнбал босож: сэхээтнүүдийг дарга нар уриалж байгаад яриулсан гэж байна. Чөлөөтэй ярь гэж байгаад яриулсан гэдэг чинь ямар нэг хуурах санаа биш, хүмүүсийн үгэнд шинэ сайн зүйл олон байна ялгаж үзэх хэрэгтэй. Шинэ мэдлэг шаардсан зүйл ч олон байх шиг байна гэж үг хэлж байтал Д.Дамба гуай зэрэгцэн босож үг хэллээ. Хоёр дарга маргаанд орлоо. Зэрэг ярьсан учир үг нь сайн дуулдахгүй жаал маргаж байгаад хоёулаа суудалдаа суулаа…

Чухамдаа тавиад онд МАХН-ын ТХ-ны УТТ болон удирдлагад Д.Дамба, Е Самдан, Д.Ламчин, Д.Самдан, С.Балган, Ч.Сүрэнжав, Б.Ширэндэв мэтийн хоцрогдсон догматикууд нуугдан бөөгнөрч манай урагшлан хөгжихөд саад болсоор Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу нарын эсрэг тэмцэж байсан нь 1954 оны II сарын бүгд хурлууд (тарсан)-ын үеэс мэдэгдэх болсон юм … Энэ байдал улам хурцадсаар 1959 оны 3-р сарын 30-

31 нд хуралдсан III бүгд хурлаар Д.Дамба, Б.Дамдин, Д.Самдан, Д.Ламчин, С.Балган, Ч.Сүрэнжав нарыг намын удирдлагаас зайлуулсанаар “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг зохион хөөрөгдөгч том бүлэг цохигдсон” гэж түүхэн бодит байдлын талаар бичжээ.

НТХ-ны хэлтсийн эрхлэгчээс үндэслэл муутай өөрчлөгдөж хохирсон Ө.Доржийг Ю.Цэдэнбал өөрийн мэдлийн хүрээнд авч БНХАУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилж, дараа нь тэр хүний жирийн бус өвөрмөц сэтгэлгээг нь харгалзан Гадаад худалдааны яамны орлогч сайд, хожим нь гадаад улсад элчин сайдаар томилон ажиллуулж, харж хандаж байжээ. Намын доторх тодорхой бүлэглэлээс Ө.Дорж болон зарим нөлөөтэй сэхээтнүүдийн эсрэг явуулсан компани нь цаад утгаараа Ю.Цэдэнбалын дор “нүх ухах” гэсэн далд бодлого байсан ажээ.

Засгийн эрхийн төлөө, нам, засгийн тэр үеийн удирдлагын эсрэг хууль бус хуйвалдаан хийлээ гэж жараад оны эх дундуур олон хүний эрх ашгийг ямар нэг хэмжээгээр хөндөн ажлаас нь өөрчлөх, заримыг нь хөдөө томилж, “цөлөх”, нутаг заан суулгаж байсан нь Ю.Цэдэнбалын үеийн хуучин тогтолцооны гажуудлын нэг хэлбэр байсныг бид хүлээж, шүүн ярилцаж, шинжлэх ухааны дүгнэлт хийж, сургамж авах ёстой.

Судалгаанаас үзэхэд тэр үед, нам түүний удирдлагын эсрэг тэмцэж явсан хүмүүс хэн нь ч ялгаагүй удирдлагад халаа сэлгээ хийж албан тушаалыг дахин хуваарилах, оршиж буй дутагдлыг арилгах зорилт тавьж байсан бөгөөд цөмөөрөө л марксизмын сургаальд чин үнэнчээ илэрхийлж, хувьсгалт намаа л бэхжүүлэх зорилт тавьж, социализмыг хурдан байгуулах, монгол улсаа мандуулахыг зорьж тэмцэж байсан болохоос аль нэгэн улс төрийн нам шинээр байгуулах, парламентийн засаглал тогтоох, Ерөнхийлөгчийг бүх ард түмнээр сонгох, улс орныг зах зээлийн эдийн засагт шилжүүлэн, өмчийг хувьчлах, долларыг чөлөөтэй болгох, Үндсэн хуулийн Цэц байгуулах, сонгууль явуулахдаа нэг суудалд олон хүний нэр дэвшүүлэх, өөр үзэл суртлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх мэт чөлөөт ардчилсан шаардлагуудыг хэн нь ч тавьж байсангүй. Харин ч жижиг хөрөнгөтний үзэл баримтлалаа гэж Ю.Цэдэнбалыгаа бут шүүмжилж байжээ. Олон жил үргэлжилсэн тэмцэл маргаанд түүхийн үнэн ялж, олон түмний дэмжлэг хүлээсний хувьд Ю.Цэдэнбал нь тэсэн үлджээ.

Социализмын үйлс, марксист-ленинист үзэл, монгол, зөвлөлтийн найрамдлын үзэл санаанд үнэнч байх хатуу чанга бодлого баримталж байсан энэ зүтгэлтэн хүний хувь заяаны асуудалд харин боломжийн хэрээр хүнлэг зөөлөн хандаж байжээ. Гучаад онд хэлмэгдэн хохирсон төрийн гол зүтгэлтнүүд Ю.Цэдэнбалын үед цагаатгагдсан аж. Харин тавиад оны үед хэлмэгдүүллийн асуудлыг хэт хурцаар тавих, асуудлыг болгоомжгүй сэдрүүлэх нь монголчуудын дотоод эв нэгдлийн асуудалд муугаар нөлөөлж мэднэ гэж тэрээр нэлээн болгоомжилж байжээ.

Далан тав наслахдаа бууны гох дарж, оготны хамраас ч цус гаргаж бараг үзээгүй энэ хүн хагас зуу орчим жил монголыг удирдахдаа олон арван хэрэгтний амийг хэлтрүүлэх зарлигт гарын үсэг зурж байжээ. Улс төрийн томоохон өрсөлдөгчдөөс тэр өөрөө энэ олон жилд ганцыг ч Ганц худагт илгээж байсангүй нь түүний хүнлэг чанарыг харуулсан юм.

Нам төрийн эсрэг хуйвалдсан, нам, засгийн тэргүүний аминд халдах гэж байсан мэт ойлголт төрүүлэхээр үйлдэлтэй зарим хүн ч шоронд очоогүй баримт буй. Хууль зөрчсөн, улсын нууц задалсан гэсэн 3-4 хүн л мэдээжээр шийтгэгдэж байжээ. Харин тусгай байрнаасаа шахагдаж, бараг л “гудамжинд” Д.Дамба гарсныг эхнэрээсээ дуулж шинэ байр өгч, хувьд нь машин бэлэглэж, бэлэг дурсгалын буу сэлмийг нь хүртэл бүгдийг өгсөн тухай Д.Дамбын хүү дурсаж; Д.Дамбыг намын удирдлагаас өөрчлөгдөх үед түүнийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдын орлогч дарга болохыг хүсэж; өөрийн том өрсөлдөгч, “улаан марксисит-ленинист Д.Төмөр-Очирыг бас ч гэж аймаг орондоо томд тооцогдох барилга конторын даргаар, “том калибрын” социалист эдийн засагч Л.Цэндийг хэлэлцсэн бүгд хурал дээр түүнийг НТХ-ны гишүүнээр нь үлдээх санал тавьж /протоколд бичигдэж үлджээ/, түүний зохион байгуулах чадварыг нь аргагүй үнэлэн улсдаа томд тооцогдох Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын даргаар томилж байлаа.

“Төөрөлдсөн” сэхээтэн Ц.Дамдинсүрэнтэй амьдралын сүүлийн жилүүд хүртэл дотно үерхэн нөхөрлөж, СнЗ-ийн орлогч байсан Б.Ширэндэвийг ”бут” шүүмжилсэн Дами академичийн өгүүллийг саадгүй нийтлэхийг сониныхонд үүрэгдэж, ноцтой хэрэг төвөгт холбогдсон Дандар баатрын одонг өөрийн биеэр нөхөн гардуулж; шашны тэргүүн, номч мэргэн гавьж Гомбожав, Гаадан нарыг Д.Сүхбаатарын одонгоор шагнаж; билгүүн эрдэмтэн Б.Ринченг дөчөөд онд шоронгоос суллуулж, түүний хүргэн, өөрийн сөрөг талын Н.Жагваралыг УТТ-нд хажуудаа авч, нөгөө хүргэн Тувааныг ЭХЯ-ны сайд болгон шадарлаж байсныг хүмүүс сайн мэддэггүй.

Багын найз, бас ч гэж улс төрийн өрсөлдөгч Б.Ширэндэвт 60 насны ойгоор нь тухайн цагийн журам зөрчин гэрт нь очиж Д.Сүхбаатарын одон гардуулж, шөнөжин хууч хөөрч, ядарч буруудах үед нь намтай нь үлдээхийг намын нөхдөдөө захиж, хожим Бал даргыг “газар тортол” муулж байсан Намтайширийн Лхамсүрэнгийн эхнэр нь өвдөж зовж байхад хөдөө гэрт нь зорьж очин эрүүл энхийг хүсэж, шөнөжин хуучилж байсныг хэн ч мэддэггүй.

1956 оноос олон жилийн турш өөрийг нь толгой түрүүгүй зоригтой шүүмжилсэн Ц.Лоохуузыг цагтаа сайдын сэнтийд залж, гэр бүлийн хувьд ээдрэн будилж, хатуу гаруудад гадуурхагдан түлхэгдэж явахад хүсэлтээр нь Ко намын дээд сургуульд илгээж, 1964 оны бүгд хурлын өмнөхөн түүнийг оюутан юм гэж томоохон мөнгө төгрөгөөр хувиасаа тусалж, хожим нь хохирч хэлмэгдсэн төрийн зүтгэлтэн С Жалан-Аажавыг Ерөнхий сайд болгох гэж шөнөжин ятган гуйж байсан “огт ойлгомжгүй” энэ эрийн тухай дууг нэрт яруу найрагч, тэрсүү үзэлтэн Р.Чойном хүмүүст хичээнгүйлэн зааж байсан, Ю.Цэдэнбалын зургийг нь тосон будгаар зурж Хэнтий аймгийн бараг л бүх клубүүдэд тарааж байсан гэх итгэхийн аргагүй, жирийн биш баримтууд ч үлдэж хоцорчээ.

Наяад оны дунд үед улс орны удирдлага ерөнхийдөө насжиж, ээлж халаагүй олон жилээр суух болсон нь боловсон хүчин мэргэжилтний талаарх бодлогод гарсан алдаа мөн байсан бөгөөд удирдлагад халаа сэлгээ хийх, залуужуулах нь зайлшгүй чухлыг Ю.Цэдэнбал хожуу ч болов ойлгож, шийдвэрлэх алхмуудад бэлтгэж эхэлсэн яг наяад оны эхээр, нэгдүгээр хүнээ түлхээд өөрсдөө амар жимэр үлдэхийг сонирхогч бүлэглэл бий болж, гадны хүчний дэмжлэгтэйгээр энэ хүслээ биелүүлж, Ю.Цэдэнбалыг улс орны удирдлагаас гаргаж, гадаадад олон жил хүчээр байлгасан нь бас л нэг төрлийн хэлмэгдүүлэлт бөгөөд энэ нь тэр энэ хүнтэй холбоотой гэхээсээ тухайн үеийн хатуу тогтолцооны гаж шинжтэй л холбоотой байсан юм.

Зөрчил, ээдрээ, хөгжил цэцэглэл хосолсон XX зууны Монголын түүхийн нэгэн томоохон зүтгэлтэн болсон энэ хүн алдаж, онохын аль алиныг амсаж, магтагдах, муулагдахын аль алиныг үзсэн, хүний л адил хүн байсан бөгөөд харин эрдэм мэдлэгийг шүтэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар ер бусын их чармайлт гаргаж байсан нь олон арван жил нам, төр, засгийн өндөрлөгт тэсэн тогтох чадавхийг түүнд өгчээ.

Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүдэд Монгол оронд соёл боловсрол, шинжлэх ухаан өөдлөн хөгжсөн маргаангүй баримтууд болон түүхэн гэрчүүдийн үнэлэлт дүгнэлтээс үзэхэд Ю.Цэдэнбал эрдэм мэдлэгийг өөртөө цогцлуулахын төлөө цаг ямагт анхаардаг хүн байсны зэрэгцээ эрдмийг түгээн дэлгэрүүлэгч, соёл боловсролын салбарт олон талтай өөрчлөлт хийсэн реформатор, Монголын түүхэн дэх томоохон соён гэгээрүүлэгч байсан гэж хэлж болох юм.

Ю.Цэдэнбалын найз нөхөд, хамтран зүтгэгчид, цаг цагийн өрсөлдөн тэмцэлдэгчид, монголын оюуны сор болсон хүмүүс түүнийг янз бүрийн цаг үед олон талаас нь шүүмжлэн хэлэлцэж байсан боловч эх орныхоо соёл боловсролыг хөгжүүлэх, эрдэм боловсролыг шүтэн эрхэмлэх талаарх Ю.Цэдэнбалын байр байдал, бодлого, үйл ажиллагааг гол төлөв эерэгээр үнэлж, сурч боловсрох, мэдлэг эзэмших талаар тухайн цаг үеийн өндөрлөгт байж чадсан гэж үзэж ирснийг цааш нь нарийн судлах хэрэгтэй гэж бодож байна.

1997 онд Ю.Цэдэнбалын цол, хэргэмийг эргүүлж олгохыг нэхэн шаардсан Төрийн шагналт, Гавьяатан, академич, МУИС-ийн доктор, профессор, дэд доктор, дэд профессор 136 хүний төр, засаг, ард түмэндээ хандсан 14 хуудас захидал уриалга, ард түмнээсээ Зууны алдартнаар өргөмжлөгдсөн, өндөр нэр хүндтэй хүмүүс 2001 онд Ю.Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх санал дэвшүүлсэн, 2003 онд Зууны эрдэмтэд академичид, шинжлэх ухаан, боловсролын зохион байгуулагчид 86 хүнээс ард түмэн, төр засагтаа хандсан “Ю.Цэдэнбалын өв дурсгалын тухай” 13 хуудас түүхэн баримт бичиг гаргасан51 зэрэг нь Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны сор болсон эрдэмтэн мэргэд Монголын түүхийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дурсгалд хүндэтгэлтэй ханддагийн тод томруун жишээ болсон юм.

Ю.Цэдэнбал эрдэм номд биеэ боловсруулахын төлөө насан туршдаа ажиллаж, тухайн цаг үеийнхээ түвшинд байхыг цаг ямагт чармайдаг байсан нь нам, төр, засгийн өндөрлөгт олон арван жил тогтвортой ажилласны гол үндэс болжээ. Энэ дуурайлал өнөөгийн залуу удирдагчдад, нийт хүмүүст нэн сургамжтай юм.

МУИС-ийн профессор, Сан ИС-ийн Эмерит профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд Ерөнхийлөгч, Намтрын судалгааны нийгэмлэгийн тэргүүн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc) Цэен-Норовын Жамбалсүрэн

Leave a Reply

Your email address will not be published.